-Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг шүүх хянаж эхэлжээ-
Олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаалтан холбогдсон нэг бус хэргийг шүүх, хууль сахиулах байгууллагынхан шийдвэрлэсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байв. Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ц.Насанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд асан, Тавантолгойн ордыг ашиглалт оруулах мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон М.Энхсайханд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүх гурав хоног хэлэлцэн шийдвэрээ гаргалаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн 19.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг дахин шалгуулахаар болсон. Шүүх хэт нэг талыг барьж ял оноолоо гэж олон нийтийн сүлжээгээр иргэд бичиж байна л даа. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Ерөнхий сайд асан М.Энхсайхан Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан талтай гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагчаар 2016 оны долдугаар сар хүртэл ажилласан. Энэ үедээ Монгол Улсын Засгийн газрын “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ҮАБЗ-ийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан УИХ-ын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа энержи, Энержи ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж ял сонсгож, НПГ-аас шүүхэд шилжүүлсэн. Мөн хорлон сүйтгэх буюу Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулахад чиглэсэн үйлдэлд бэлтгэсэн гэсэн үндэслэлээр буруутгасан юм. Шүүх шийдвэрлэхдээ Тавантолгойн ордод төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах үйлдэлдээ гүйцэтгэгч талд давуу байдал бий болгосон үйлдэлд нь гэм буруутайд тооцон ял шийтгээд байгаа. Харин хорлон сүйтгэх буюу Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл хийсэн байж болзошгүй гэх хэргийг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гаргасан.
Автомашинтай холбоотой асуудал бол хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичээд байгаа шиг биш, голлох бус үйлдэл. Гол үйлдэл нь албан тушаалаа урвуулсан, мөн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм.
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар нэг аж ахуйн нэгжид хэт давуу байдал олгосон нь гол үйлдэл гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Хэт давуу байдал гэдэг нь юу вэ гэхээр жишээлбэл, бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөрөнгө оруулагч тал өөрсдөө тогтоосон. Боловсруулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрийг нийлүүлэх зах зээлийн сонголт, борлуулалтын хэмжээ, үнэ, хайгуулын төлөвлөгөө тайланг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж бие дааж гаргахаар болсон. Мөн газар эзэмших болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлж авах, төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын эрхийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэн өгөхөөр гэрээнд тусгасан байсан гэж ойлгож болно.
-Шинжээч нарыг мэдүүлгээсээ буцсан хэмээн твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр бичиж байгааг та харсан байлгүй. Үнэхээр шинжээчид мэдүүлгээсээ буцсан юм болов уу?
-Энэ бол гуйвуулсан мэдээлэл. Шинжээчээс “Тавантолгойн төсөл Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтэй юү” гэж асуухад “Үр өгөөжтэй” гэж, харин “Яг энэ төсөл үр өгөөжтэй юү” гэж асуухад “үгүй” гэсэн. Аливаа хөрөнгө оруулалтыг ядаж банкны хадгаламжийн жилийн хүүгээс илүү байж, ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг. Гэтэл энэ төсөл банкны хадгаламжийн жилийн хүүгийн хэмжээнээс ч илүү гарч чадахгүй байгаа талаар шинжээчид ярьсан. Тиймээс албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон, Монголын Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулахад чиглэсэн санаатай үйлдэл гэж үзсэн юм. Үүнийг шүүх хэлэлцээд албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон буруутай гэж үзээд ял оноосон.
-Өмгөөлөгч Д.Оросоо хэвлэлээр “Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж ярьсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь үнэхээр дууссан юм уу?
-Албан тушаалын гэмт хэргийн үйлдэл нь нэг өдөр, нэг цагт болоод дуусчихдаггүй. Энэ төрлийн гэмт хэргийн үйлдэл нь хэчнээн жил дамнан явж болдог. Уг гэмт хэрэг шийдвэр гаргах, бэлтгэх, хэрэгжих гээд олон үе шаттай учраас гэмт хэрэг үйлдсэн төгсгөлийн цаг хугацааны тухайд өмгөөлөгч нь байр сууриа илэрхийсэн гэж бид ойлгож байна. Шүүх үйлдлийн төгссөн хугацаа дуусах болоогүй гэж үзсэн, прокурор ч ийм байр суурьтай байгаа.
-УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэхтэй холбоотой үйл явдал өнгөрсөн долоо хоногт бас олны анхаарлыг татаж байлаа.
-Одоогоор шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцээгүй хэрэгт байр сууриа илэрхийлэх боломжгүй. Харин энэ хүний гаргаж буй мэдэгдэл, болсон үйл явдлын тухайд товч тайлбар өгье. Яллагдагчийн үүргийг биелүүлж, дуудсан цагт ирээч гэсэн прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хэд хэдэн удаа түүнд хүргүүлсэн. Яллагдагчийн хувьд шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй. Гэтэл Н.Номтойбаяр нь прокурорыг удаа дараа дуудахад “Дээд шатны прокурорт гомдол гаргасан учраас би очихгүй” гэх байдлаар болзол тулгаж, үүргээ биелүүлээгүй. Тийм учраас шүүхэд хандсан юм. Шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргасан. Албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг. Одоо Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа.
-Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гарагт “Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж, шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа бол би нотлох баримт дээр үндэслэж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна” гэж мэдэгдсэн. Прокурорын шийдвэрийг АТГ-ынхан хянах эрх зүйн үндэс бий юү?
-Аль ч шатны прокурор бие дааж шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр прокурорын бие дааж гаргасан шийдвэрийг бариад “Энэ намайг гэм буруугүйд тооцсон. Харин дараагийн шатны прокурор нь гэм буруутай гэлээ” гэх байдлаар Улсын ерөнхий прокурорыг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа нь тухайн хувь хүний асуудал. Тэрбээр хэвлэлийнхэнд прокурорын шийдвэр харуулж байсан. Тэр нь түүний гаргасан гомдол, хүсэлтэд хариу өгсөн явцын шийдвэр юм л даа. Уг хэргийг эцэслэн шийдвэрлэж буй биш, тухайн хэрэгт, тухайн цаг үед бий болсон нөхцөл байдлыг шийдвэрлэж байгаа гэсэн үг. Прокурор бие дааж шийдвэр гаргаж буйг харуулсан жишээ энэ мөн. Тухайн хүний гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг “Энэ хүн намайг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн байтал ерөнхий прокурор нь гэм буруутай гэж мэдээлсэн” хэмээн ярьж буй нь үндэслэлгүй юм. Гэм буруутай гэж аль нь ч шийдвэр гаргаагүй. Гэм буруутай, эсэхийг шүүх л эцэслэн шийдвэрлэнэ.
-“Хуулийн байгууллагынхан хуульд захирагдахгүй байгаа нь дээрээс захиалгатайг харуулж байгаа” гэж УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хэлж байгаа. Зөвхөн тэр ч биш, өөр хүмүүс ч хууль сахиулах байгууллагад шалгуулах болохоороо “захиалгаар хэлмэгдүүллээ” гэдэг. Үүнд та ямар хариулт өгөх бол?
-Улс төрийн албан тушаалтан, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж эхлэх, гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлүүлэхээр хэргийг нь шүүхэд шилжүүлэх үед улс төрийн захиалгаар намайг буруутан болгож байна хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдээлэх, өөрийгөө зөвтгөх чиг хандлага маш түгээмэл болсон. Олон нийтийн сүлжээнд хүн өөрийнхөө үзэл бодол, сэтгэгдэлийг чөлөөтэй илэрхийлж байгаа шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүс “улс төрийн зорилгоор намайг шалгалаа” гэх байдлаар шүүх, прокурор, мөрдөх байгууллагыг буруутгах хандлага түгээмэл. Хуулиар үүрэг хүлээсэн хүмүүс хуулийн хүрээнд ажлаа хийж байгаа. Хэн нэгний захиалгаар, хууль бусаар хүнийг шалгаж, шийтгэнэ гэж байх боломжгүй. Шүүгч, прокурор, мөрдөгч нар хэрэгт байгаа нотлох баримтуудад үндэслэж л шийдвэрээ гаргадаг. Яллах, цагаатгах бүхий л баримтуудыг хэрэгт адил тэгш цуглуулж үнэлэлт, дүгнэлтээ хийдэг.
-Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа чухам хэдийнээс манай хуульд орж ирсэн юм бэ. Зарим улстөрч шинээр орж ирсэн, огт байгаагүй зүйл мэтээр ярьж байхыг сонссон.
-Хууль зүйн шинжлэх ухаанд хэдэн зууны турш хэрэглэгдэж байгаа ойлголт. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэргийнхээ ангиллаас шалтгаалж урт, богино байдаг.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат нэг хүний тухай яриа бий. 1930-аад оны үед Дотоод яамны хорих байрнаас оргоод 10 гаруй жил уул хадаар тэнүүчилж байгаад хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Сүүлдээ нэгдлийн гишүүн болж мал маллан амьдарч байгаад 1990-ээд оны үед тэнгэрт хальсан юм. Энэ хүнд хариуцлага хүлээлгээгүй нь нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбоотой. Нөгөө талаас цаг үе ч өөрчлөгдсөн учраас хариуцлагаас чөлөөлөгдсөн гэж үзэх талтай. Манайд хөөн хэлэлцэх хугацаа тэгэхээр олон жилийн өмнөөс л байсан нь үүнээс харагдана. Сүүлийн үед огт байгаагүй, эсвэл хэтэрхий богино болгосон юм шиг ярих болсон.
1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үед зөрчилтэй бичиг баримт ашиглан гадаад руу их явж байсан. Тэр хүмүүс 5-10 жил гадаадад ажиллаж байгаад ирэнгүүт нь зөрчилтэй бичиг баримт ашигласан гэж шийтгэдэггүй. Хөөн хэлэлцэх хугацаа байдгийн утга учир нь энэ. Нэг удаагийн алдаанаас болж гэмт хэрэг үйлдсэн хүнийг 2002 оны хуульд зааснаар насан туршдаа ял эдэлсэн гэж үзэж байсан. 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар үүнийг нь өөрчилж, ял шийтгэлээ эдэлж дууссан л бол ялгүй болж байгаа. Насан туршид нь дарамт маягаар явдаг байсныг ардчилсан, хүнлэг, хууль ёсны зарчимд нийцүүлэн шинэ хуулиар өөрчилсөн.
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь гэсэн мэдээлэл бас цацагдсан. АТГ-ынхан үүнийг үгүйсгэж байгаа. Тэднийг яллагдагчаар татсан эрүүгийн хэрэг байгаа юм уу?
-Хэнийг ч албан тушаалыг нь түдгэлзүүлэх санал гаргаагүй. Прокурорын байгууллага гаргаж байгаа шийдвэрийнхээ талаар албан ёсоор мэдэгддэг. Албан ёсоор мэдэгдээгүй бол прокурорын байгууллагаас л үнэн, худлыг нь асуух ёстой.