Орон гэргүй тэнүүлчид, гудамжны архичид аюул тарих эс үүсвэр болох вий. Дэлхий нийтийг айдаст автуулсан вирусийг дотооддоо алдалгүй ард түмнээ хамгаалж чадаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархаад баршгүй. Гай газар доороос гэгчээр нэг л гэнэ алдвал амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар угаадаг хүмүүст хормын дотор халдвар авах эрсдэл бодитой байна. Нийслэл, орон нутагт ч тэр орох орон, оочих аягагүй нь хаана гараа угааж, хэнээс амны хаалт гуйж зүүх вэ. Гудамжинд хэвтэж байдаг хүмүүс өнөө янзаараа хаа сайгүй. Тэд урьдын адил хоолны үлдэгдэл идэх гэж цайны газар луу орсоор. Зарим нь хөөнө, бусад нь өрөвдөөд, нохойд гэж нөөцөлснөөс ч болов уутанд хийн өгч гаргана. Гуйлга гуйхад нь ч өр нимгэн зарим нь 100 төгрөг бариулаад оддог хэвээр. Энэ бүх харилцааг ажиглаж байхад хоорондоо 1.5 метрийн зай барих, бээлий өмсөх зэргээр вирусээс хамгаалах тухай мэдээллийг хэн хэн нь огт сонсоогүй мэт.
“Гудамжны” хүн хөдлөхгүй хэвтэхэд иргэд түргэн тусламж дуудав. Төд удалгүй эмч ирж, өнөөх хүнийг үзсэн ч, орхиод явав.
Зурагт буулгасан үйл явдлын талаар товч дурдъя. Гудамжинд хэвтэж байсан хүнийг харсан эмэгтэй зогтуссанаа өнгөрөөд явж чадсангүй. Тонгойж харлаа. Дуудаж байгаа бололтой. Хариу алга. Хажуугаараа яваа нэгэнд хандлаа. Өнөөх нь бас хамт эргэн тойрноос нь харж байснаа бээлийтэй гараараа биед нь хүрч байгаа харагдав. Хэвтэж байгаа хүн огт хөдлөхгүй. Үл таних хүнд туслах гэсэн сайхан сэтгэлтний тоо тав боллоо. Нэг нь түргэн тусламж дуудсан бололтой, “103”-ын машинаас эмч залуу үсэрч бууж ирээд өнөөх хүнийг үзэх маягтай суусан. Энэ бүхнийг цонхоор хараад, зургийг нь буулгасан юм л даа. Эмч үзлэг яаж хийснийг тодорхой ялгаж харсангүй. Удалгүй машиндаа суугаад явсан. Цугласан хүмүүс ч тарав. Өнөөх хүн байрандаа хэвтээд үлдсэн. Хэрвээ тэр эр коронавирусийн халдвартай байсан бол хэдэн хүнд дамжуулах вэ. Харж хандах хүнгүй ийм нөхөд нийслэл, орон нутагт хэд билээ. Тэднийг биш юм гэхэд, тэднээс бусдыг хамгаалах чиглэлд ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага байна уу. Коронавирустэй тэмцэх хуулийн хүрээнд үүрэг хүлээсэн субъект нь аль юм бэ. Ажлаа эхлүүлсэн үү. Өнөө болтол халдвар гадагш алдахгүй байгаа амжилтаа бататгаж, энэ мэт нөхцөл байдалд даруй дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авах цаг болжээ.
Засгийн газраас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хүүхэд, хөгжлийн бэрх -шээлтэй иргэн, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоол баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхэд бүрт сар тутам олгодог 30 мянган төгрөгийг 100 мянга болгов. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой 122 мянган иргэн сар бүр 16 мянган төгрөг авдаг байсныг 32 мянга болгосон. Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг 3600 иргэн сар бүр 188 мянган төгрөг авдаг байсныг 100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянга болгов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгчээ алдсан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилал тус бүрт тэтгэмжийг бага боловч нэмсэн. Коронавирустэй тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц арга хэмжээг ийнхүү авч хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгзарцуулах аж. “Анхны алхам” кинонд “Ингээд л миний нэр байдаггүй” гэдэг шиг энд дурдаж бичээд буй харж хандах хүн, гэр оронгүй нөхдийг тойргийн гадна үлдээсэн нь харагдаж байна. Тэднийг хэн татан авч, гар, хөлийг нь угаалгаж, амны хаалт зүүлгэж, дархлаа дэмжих шимтэй хоол хүнс идүүлэх вэ. “Арчаагүйдээ ингээд хэвтэж байна биз” гээд орхиж болох ч, тэд вирус тархаах, өвчин дэгдээх голомт болохыг үгүйсгэхгүй.
...Тэдний байрладаг, орогнодог газраар явж таниулга, ухуулга хийж байна уу. Халууныг нь хэмждэг үү, гар ариутгах бодис өгдөг үү. Аюулт халдварын эсрэг гурван сар гаруйн турш авч хэрэгжүүлсээр ирсэн арга хэмжээ бүхний үр дүн анхаарлын гадна үлдэгсдийн гар, хөлөөр үрэн таран болох вий дээ...
Ер нь хамгийн “халуун цэг” ч болж мэднэ. Засгийн газар ард түмнээ аюулт өвчнөөс хамгаалахаар боломжоороо ажиллаж байгааг хэлэхийн сацуу гагцхүү энэ хүмүүсийг хэрхэхийг ор тас мартсан санагдана.
"Гудамжны" хүн хэвтсээр.
Коронавирусийн халдварын үед улс орнуудад орон гэргүй хүмүүсийг яаж халдварт өртүүлэхгүй, тэднээр дамжуулж өвчин тархаахгүй байх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болжээ. Ийм хүн хамгийн олонтой нь АНУ бөгөөд өнгөрсөн сарын байдлаар 567 715 байна гэж тоолжээ. Тэдний олонх нь Нью-Йорк, Лос-Анжелес хотод байдаг аж. Жирийн үед хэн ч анзаардаггүй, бараг л их хотын хэв маягийн нэгээхэн хэсэг мэт харагдах, хогийн савыг гэрээ болгосон, цэцэрлэгт хүрээлэнгийн голд майхан барьж суурьшсан хүмүүсийг өдгөө “тухлаг бүсээс” нь түр гаргаж, олонхыг нь зочид буудлуудад байршуулаад байна. Лав Лос-Анжелес хотын захиргаа энэ арга хэмжээнд, өөрөөр хэлбэл гудамжны хүмүүсийг гурван сарын турш байршуулж, харж хандахад 195 сая ам доллар зарцуулж байгаа юм байна. Үүнээс 118,5 саяыг зочид буудлуудын өрөө түрээслэхэд өгчээ. Гэр оронгүйчүүдийг ийнхүү хашиж аваад оргохоос сэргийлэн хаа сайгүй харуул хамгаалалт гаргаж, сувилагч нараар үйлчлүүлж, өдөрт гурван удаа хооллож байгаа аж. Түр оршин суугчид угаалгын газарт өөрсдөө хувцсаа угаахаас өөр юм хийхгүй.
Ийм асуудал тулгамдсан улс орнуудад орон гэргүй хүмүүсийг цаашид хэрхэх талаар яриа болж буй аж. Зарим нь хүмүүс яагаад гудамжинд гарч буй шалтгааныг олж, түүнийг арилгах ёстой, үүний тулд ард иргэдийг орон сууцаар хангах бодлогодоо асуудлыг тусгаж, нийгмийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Нэг хэсэг нь энэ бол системийн үзэгдэл, тийм болохоор байр сууц олгосон ч тэнүүчлэн амьдрах сэтгэл зүйдээ хөтлөгдөөд орхиод явах болно, тиймээс тэдэнд унтахдаа орж байх хогийн сав байхад л хангалттай гэж үзэх нь ч байна. Аль нь ч бай өдгөө үүсээд буй нөхцөл байдалд орон гэргүй хүмүүсийг коронавирусийн халдварт өртүүлэхгүй, аюулыг тэднээр дамжуулж даамжруулахгүй байх нь улс орнуудын тэргүүн зэргийн зорилт болоод байна.
Манай улсад ч адил. Нэг үе траншейд амьдардаг хүмүүсийг тоолдог, шашны ч болов шугамаар хооллож, ундалж, эмчилдэг байлаа. Өдгөө тэдэнд чиглэсэн ямар нэг арга хэмжээ авч байгаа нь харагдахаа, дуулдахаа байсан. Лав түргэн тусламжийн эмч үзсэн хэрнээ орхиод явчихаж байна. Хэрвээ энэ хүн коронавирусийн халдвартай байсан бол яах вэ. Вирусийн халдвар тархаж, дэгдэлтийн байдалд орвол авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах хүрээнд Засгийн газар, ЭМЯ, УОК олон төрлийн арга хэмжээ авч буй. Энд тэнд эмнэлгийг хэд хэдээр нь, орыг хэдэн зуугаар нь бэлдсэн. Харин дэгдэлт үүсвэл халдварыг хяналтгүйгээр тархаах өндөр магадлалтай ийм хүмүүсийг хэрхэх, тодруулбал хаана байршуулах, хэрхэн хооллож, ундлах талаар төлөвлөсөн үү. Тэдний байрладаг, орогнодог газраар явж таниулга, ухуулга хийж байна уу. Халууныг нь хэмждэг үү, гар ариутгах бодис өгдөг үү.
Аюулт халдварын эсрэг гурван сар гаруйн турш авч хэрэгжүүлсээр ирсэн арга хэмжээ бүхний үр дүн анхаарлын гадна үлдэгсдийн гар, хөлөөр үрэн таран болох вий дээ.