Энэ оны тавдугаар сараас 1072 хувьцааны ногдол ашиг 96 480 төгрөгийг иргэн бүрт олгохоор “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан бэлтгэлээ хангаж буй. Үүнтэй холбогдуулан нэр бүхий иргэд “1072 хувьцаа худалдаж авна”, “Барьцаалж зээл олгоно”, “1072 хувьцаа бүртгүүлж өгнө” гэсэн зарыг цахим орчинд байршуулах болжээ. Засгийн газрын тогтоолд зааснаар 1072 хувьцааг захиран зарцуулах, бусдад бэлэглэх болон шилжүүлэх, өвлүүлэх, өмчлүүлэх, худалдах хориотой. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани. Бүр тодруулбал, төрийн өмчийн оролцоотой хаалттай байгууллага. Гэтэл залилагчид цахим орчинд хуурамч хаяг нээж иргэдийг хуурах явдал газар авлаа. Хамгийн гол нь иргэд эрх зүйн наад захын мэдлэггүй, эсвэл хэдэн жилийн өмнө бүртгүүлсэн ч түүнийгээ мартсанаас бусдын өгөөш болдог гэнэ. Цагдаагийнхан иргэдийг төөрөгдүүлэх зар байршуулсан фэйсбүүкийн 80 гаруй хаяг, группийг хаажээ.
Улмаар эл хаягуудын цаана байгаа эздийг нь тогтоож, эрүүгийн хариуцлагад татсан ч сул чөлөөтэй яваа аж. Улмаар тэд хуурамч хаяг дахин нээж иргэдийг залилсаар байгааг цагдаагийнхан сэрэмжлүүлэв. Иргэд цахим орчинд байршуулсан зард итгэн, бүртгүүлсний хураамж болгон залилагчийн данс руу 3000-8000 төгрөг шилжүүлдэг гэнэ. Нэг дансанд хамгийн багадаа 4000-5000 хүн дээрх хэмжээний мөнгө шилжүүлснийг цагдаагийнхан онцолсон. Нэг хэргийн ард 5000 орчим хохирогч байгаа нь хуулийн байгууллага хэргийг шалгахад ачаалал үүсгэж, хүндрэл учруулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б 1072 хувьцаагаа хувь хүнд барьцаалан их хэмжээний зээл авчээ. Зээл төлөх хугацаа хэтрэхэд мөнгө зээлдүүлсэн иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хандан дээрх иргэний хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан гэнэ.
Улмаар залилах гэмт хэргийн хохирогч болсноо мэдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ажээ. Үүнээс гадна Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах дэлгүүр, ТҮЦ-үүдэд 1072 хувьцаагаа барьцаалан их, бага хэмжээний зээл авсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Иймд 1072 хувьцаагаа бүртгүүлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн төвд хандахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд зөвлөсөн. Мөн цахим орчинд оруулсан зар болон бусад холбоосын эх сурвалжийг нягталж, бүртгүүлэхийг анхаарууллаа. УИХ, Засгийн газар тогтоол гаргаж дээрх компанийг нээлттэй болгосон ч иргэд өөр хоорондоо 1072 хувьцаагаа наймаалцах боломжгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй компани болсон ч иргэд зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулан, эсвэл Засгийн газарт хувьцаагаа худалдаж болох аж. Залилангийн хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар ял оноодог. Тодруулбал, залилагч этгээд хамгийн багадаа 450 мянган нэгжээр торгуулж, хүндрүүлэх нөхцөлтэй бол 12 хүртэлх жил хорих хуулийн заалттай билээ.
Бэлтгэсэн:Д.Тэлмэн