Ганцхан товчлуур дарахад л хоромхон зуурт цахим гэмт хэргийн хохирогч болох аюул биднийг отож байдгийг та мэдэх үү. Орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч гэмт этгээд таныг “олзолж” чадна. ЭЦА-наас энэ төрлийн гэмт хэрэг газар авсныг анхааруулав. Тодруулбал, 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 41 гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Сүүлийн үед бусдын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр болон нууц үг ашиглан гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн гэнэ. Жишээ нь, иргэдийн фэйсбүүк хаягийг хууль бусаар “олзлон” авч, мэдээллийг нь өөрчилж, бусдад худалдан борлуулах болжээ. Аль эсвэл бүртгэлтэй гар утасны дугаар, цахим шуудангийн мэдээлэл ашиглан, интернэт банкных нь нэвтрэх нэр, нууц үгийг сэргээж доторх мөнгийг нь шилжүүлэн авдаг байна.
Тэд хуурамч цахим шуудан, фэйсбүүк, твиттер хаяг нээн олон нийтийн сүлжээнд анхаарал татахуйц мэдээлэл байршуулж, иргэдийг итгүүлдэг. Жинхэнэ юм шиг харагдах тэр хуурамч холбоосоор дамжуулан бусдын фэйсбүүк болон цахим шууданд нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг нь мэдэж, улмаар гэмт хэрэг үйлдэхийг фишинг хэмээдэг. Олон нийтийн сүлжээн дэх хуурамч хаягаас “Өндөр цалинтай ажилд оруулж өгнө, дуртай киногоо доорх хаяг дээр дарж үзнэ үү” гэх мэт холбоосыг хүмүүс рүү явуулдаг. Та цахим орчинд байхдаа иймэрхүү мэдээлэл олныг харсан байх. Уг холбоос руу нэвтэрсэн хүн бүр фэйсбүүк, цахим хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг алддаг. Мөн “Фэйсбүүк” компанийн аюулгүй байдлын албаны пэйж хуудсыг дуурайлган хийж иргэд рүү “Та нууц үгээ яаралтай солино уу. Таны фэйсбүүк хаяг халдлагад өртлөө” гэх мэт мессежийг хуурамч холбоосын хамт илгээх тохиолдол нэмэгдсээр байгаа гэнэ. Фэйсбүүк хаягаа фишинг этгээдэд алдсанаар тэд таны мэдээллийг ашиглаж, ойр дотнын хүн, найз нөхдөөс тань мөнгө гуйх, бүртгэлтэй пэйж хуудас болон группийн эрхийг шилжүүлэн хулгайлах эрсдэлтэй. Яаж гэж үү.
Өнөөдөр иргэд интернэт болон мобайл банкийг ахуйн хэрэглээндээ өдөр тутам ашиглаж буй. Бэлэн бусаар гүйлгээ хийдэг эл систем манайд нэвтрээд удаагүй ч өргөнөөр ашигладаг болсон. Үүнийг дагаад эрсдэлүүд гарч байна. Эдгээрийн нэг нь иргэдийн данснаас мөнгө алдагдах явдал. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад иргэдээс “Гүйлгээ хийгээгүй атал данснаас мөнгө гарсан” гэх гомдлыг маш их ирүүлж буй. Тиймээс гомдол бүрийг нягталж, хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хамгийн гол нь иргэд хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа болж интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг бусдад алдаж, хохирогч болсоор байна. Халдлагад өртсөн иргэний дансанд хэр хэмжээний мөнгө байхаас хохирлын хэмжээ шалтгаалдаг. Иргэд хайхрамжгүйгээсээ болж дансандаа байгаа тав арван төгрөгөө сэгсрүүлэхээс гадна хэдэн мянган ам.доллароо ч тавиад туучихдаг гэсэн. Гэмт этгээд таны данс руу нэвтэрсэн л бол 100 төгрөг ч үлдээхгүй авах нь мэдээж. Иргэдэд анхааруулахад цахим хаяг тань хувийн данстай холбоотой байдгийг мартаж болохгүй. Тодруулбал, цахим хаягт хадгаламжтай холбоотой бүх мэдээлэл тань байдаг гэсэн үг. Ийм мэдээллийг ашиглан бусдын хадгаламж барьцаалан зээл авсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Б гэгч бусдын таван саяын хадгаламжийг барьцаалан 4.5 сая төгрөгийн зээл аваад баригдсан байна. Энэ нь иргэд цахим хаягийн нууцлалдаа онцгой анхаарах шаардлагатайг сануулсан бас нэг дохио.
Ер нь би, чи, та хэн ч байлаа бусдын компьютерыг хэрэглэж дууссан бол оруулсан хаягаасаа заавал гарах ёстой. Гэтэл манайхны олонх нь хаягаа нээлттэй үлдээдэг. Энэ нь өөрийгөө маш том эрсдэлд оруулж буй хэрэг. Иргэд “Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд амархан юм биш үү. Аль ч данс тодорхой эзэнтэй. Хийсэн гүйлгээгээр нь хөөгөөд гэмт этгээдийг тогтоох боломжтой” гэж боддог. Энэ нь туйлын ташаа ойлголт гэдгийг анхааруулъя. Тиймдээ ч иргэд “Миний данснаас энэ данс руу гүйлгээ хийсэн байна. Энэ хүн миний мөнгийг авсан” хэмээн гомдол гаргадаг ажээ. Гэмт этгээдүүд голчлон бусдаас илүү мэдээлэлтэй, арга заль ихтэй, цахим орчинд ажиллах чадвартай байдаг. Тиймээс иргэдийн дансан дахь мөнгийг хормын дотор хамж оддог. Мэдээж ийм хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй нь ойлгомжтой. Танил биш, сонор сэрэмжгүй хэн нэгний дансаар гүйлгээ хийж, луйвардсан мөнгөө гаргаж авдаг. Уг нь иргэд анзаардаг бол бэлэн мөнгөний машинууд дээр “Таны дансаар хэн нэгэн гүйлгээ хийгээгүй биз, энэ гүйлгээг хийхдээ та итгэлтэй байна уу” гэх зэрэг санамж бичиг наасан байдаг. Гэмт этгээд хэн нэгний дансанд халдчихаад таны дансаар дамжуулж мөнгө авах эрсдэл өндөр учраас тэр. Иймээс хэн нэгэн таны дансаар гүйлгээ хийхийг хүсвэл татгалзаарай гэдгийг ЭЦА-наас сануулсан.
Он гарсаар такси үйлчилгээ эрхлэгчид энэ төрлийн гэмт хэрэгт илүүтэй өртөх болжээ. Тухайлбал, гэмт этгээд таксигаар үйлчлүүлэхдээ бэлэн бусаар тооцоо хийдэг. Ингэхдээ тэд жолоочийн дансанд тооцооноосоо их хэмжээний гүйлгээ хийж, бэлэн мөнгөний машин дээр очоод илүү гарсныг нь авдаг. Гэмт үйлдлээ нуун дарагдуулахдаа таксины жолоочийг ашигладаг гэсэн үг. Цагдаагийнхан фишинг гэмт хэрэгт холбогдсон нэгэн жолоочоос мэдүүлэг авахад “Хар хүрэмтэй нэг хүн “Сансар” хорооллоос гар өргөж суусан. “Шар хад”-ны гудамжинд хүргүүлээд миний данс руу мөнгө хийхдээ орон андуурч илүү хийчихлээ гээд буцаагаад авсан. Царайг нь ч тогтоогоогүй” гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ явдал хэн нэгэн данс руу тань мөнгө хийж, гаргах санал тавибал шууд татгалзаарай гэсэн дараагийн мессежийг өгч буй хэрэг. Өөрөө ч мэдэлгүйгээр буруутан болохгүйн тулд гэмт этгээдүүдэд боломж бүү олго.
Ер нь хуучин нууц үгээ хэн нэгэнд хэлэхэд л эрсдэл үүсэх аж. Гэхдээ цахим аюулгүй байдлаа хамгаалах нь тийм ч хэцүү биш гэнэ. Иргэд цахим шуудан болон фэйсбүүк хаягтаа “Two-factor authentication” буюу хоёр нөхцөлт нэвтрэх нууц үгийг идэвхжүүлэх шаардлагатай аж. Тус тохиргоог идэвхжүүлснээр хаягтаа нэвтрэхээр нууц үг хийх бүрт бүртгүүлсэн гар утсанд тань тусгай код ирнэ. Зөвхөн тэр кодыг ашигласнаар хаягтаа нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн хөндлөнгийн хүний таны хаяг руу нэвтрэх гэсэн оролдлого бүрийг сануулсан захиа хүлээн авах боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, хувийн мэдээллээ л сайн нууцлах хэрэгтэй. Бас компьютерын цаана байгаа хэн нэгэнтэй харилцахдаа анхаарал болгоомжтой хандах шаардлагатай. Жишээ нь, танилтайгаа мессенжерээр харилцах үед сэжигтэй зүйл асуувал заавал холбогдож баталгаажуулах нь өөрийгөө болон найзыгаа эрсдэлээс хамгаалах хамгийн зөв алхам гэдгийг цагдаагийнхан хэлсэн. Утас руу нь ярихгүй юм гэхэд харилцах явцдаа хувийн тээврийн хэрэгслийнх нь загварыг ч лавлаж болно шүү дээ. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгадаг. Энэ чиг үүргийнхээ дагуу “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба” нэртэй фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан иргэдэд цаг үеийн шинжтэй урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл тогтмол хүргэдэг билээ.
Харамсалтай нь, иргэд цагдаагийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээлэлд тэр бүр ач холбогдол өгч анхаардаггүй. Тэр хэрээр фэйсбүүк хаягаа хакердуулах нь нэмэгджээ.
Фэйсбүүкээр нэвтэрч танил, найз, нөхдөөс нь мөнгө авсан хэргийг залилан гэж үздэг. Энэ төрлийн хэрэг нийслэлд төдийгүй Баян-Өлгий, Увс аймагт бүртгэгдэж байна. Тиймээс ийм төрлийн гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгана. Гэхдээ ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс орон нутаг, дүүргүүдийн цагдаагийн алба хаагчидтай хамтарч ажиллан, удирдлага зааварчилгаагаар ханган, сургалтад хамруулдаг аж. Тиймээс иргэд цахим хаяг нь халдлагад өртсөн бол харьяа оршин суугаа газрынхаа Цагдаагийн хэлтэст хандахаас өөр аргагүй аж.
Орчин цагт хүүхдүүд хэн нэгэнтэй гар утсаар харилцаж, цахимаар мэдээлэл авдаг болсон. Тэдний бусадтай нүүр тулж ярилцах байдал алсарч, хүн хоорондын харилцаа хөндийрсөн гэхэд хилсдэхгүй. Тиймээс ихэнх цагаа цахим орчинд өнгөрөөж, гэмт этгээдийн олз болох тохиолдол цөөнгүй гардаг. Муу хүмүүс олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн охидтой танилцан итгэлийг нь олж авдаг. Тэд охидыг өөртөө дасгаж, хувийн мэдээлэл, зургийг нь авдаг. Эцэстээ тэр зургаараа айлган сүрдүүлж, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд ордог аж. Үүнээс гадна залуус үерхэж байгаад салсан найз охиныхоо нүцгэн зургийг олон нийтэд тараана гэж сүрдүүлэх, заналхийлж, мөнгө нэхэх, гэмт хэрэгт татан оруулж, цаашлаад бэлгийн харьцаанд орохыг шаарддаг болсон гэх. Охид гэмт хэргийн талаар ойр дотнын хүмүүстээ хэлдэггүй. Тиймээс хүүхдийн эсрэг энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлж, улам л нуугдмал байдалд шилжжээ.
Мөн олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэж бусдын нэр, зургийг зөвшөөрөлгүйгээр ашиглан, садар самуун контент борлуулах зөрчил ихэссэн байна. Фэйсбүүк дэх нууцлалтай групп чатуудаар садар самуун сурталчилсан агууламжтай зураг, дүрс бичлэгийг хүүхдүүдэд ямар ч хараа хяналтгүйгээр үзүүлдэг нь бодит үнэн. Энэ нь хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих эцэг, эхийн хараа хяналт, анхаарал сул байгаатай холбоотой. Уг нь фишинг гэмт этгээдүүд бага насны охидыг залилж, золиос болгож буйг цагдаагийнхан удаа дараа анхааруулж ирсэн. Тодруулбал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн цахим хуудсаараа дамжуулан “Цахим орчинд тань руу, хүүхэд, гэр бүл рүү халдах эрсдэл өндөр байна. Иймд томчууд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах, тэднийг хамгаалахын тулд өөрсдөө цахимжих, мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй” хэмээн байнга сануулдаг. Харамсалтай нь, тэд цахим орчинд хүүхдээ юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг мэддэггүй, шалгадаг ч үгүй. Эцэг, эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар мэргэжлийн байгууллагад хандаж, хүүхдэдээ зөвлөгөө авах нь битгий хэл, тэдний цахим хэрэглээнд хяналт тавьж, ярилцдаггүй.
Арга ядахдаа цагдаагийнхан хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын бүлгэмүүдтэй хамтран ажиллаж, энэ төрлийн гэмт хэргээс хэр чадлаараа сэрэмжлүүлж буй гэх. Эцэст нь, тэмдэглэхэд цагдаагийн байгууллага, ялангуяа ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдийг цахим орчинд гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж буй. Тодруулбал, тус алба өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр садар самуун сурталчилсан 20 гаруй фэйсбүүк хаяг, групп болон чатыг хаажээ. Мөн хуурамч хаягийн ард нуугдсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Цаашид ч энэ төрлийн фэйсбүүк хаяг, хаалттай группүүд нээх оролдлого бүрийг хянаж, хатуу тэмцэнэ гэдгээ цагдаагийнхан сануулав.