“Ярилцлага авч байснаас өгч байсангүй” гэж ярих эрхэм бол “Өнөөдөр сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон. Тэрбээр сургуулиа 2003 онд төгсөөд “Өнөөдөр” сонинд тасралтгүй 17 жил ажилласан нэгэн. Түүнтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Юуны өмнө “Үнэний төлөө” гэх эрхэм шагналыг авсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн жилд нэг л сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Глоб интернэшнл”-ээс олгодог энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. Уншигчдадаа аль болох үнэн, бодит мэдээллийг хэн нэгний талд оролгүй хүргэхийг зорьж ажилладгийг минь үнэлж уг шагналаар шагнасан болов уу.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу ?
-Би сэтгүүлч мэргэжил эзэмшээд 2003 оноос “Өнөөдөр” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаа жирийн л залуу. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын унаган хүүхэд. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Бусдаас онцгойроод байх зүйлгүй, өмнөх ажлаа хүний дор орохгүй хийчих юм сан гэсэн сэтгэлтэй л ажиллаж байгаа, “Өнөөдөр” сонины дунд үеийн төлөөлөл болсон л хүн дээ.
-Бага насны дурсамж хүн бүрийн санаанд тодхон байдаг шүү дээ. Тэгэхээр та хүүхэд насны дурсамжаасаа хуваалцана уу?
-Бага нас минь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдаа л өнгөрсөн. Аав минь тус сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа. Ээж минь ч ялгаагүй, Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, уран зохиол, Монгол бичгийн багшаар насаараа ажилласан, тэтгэвэртээ гарсан ч сумынхаа зарим хүүхдэд эх хэл бичгээ заасаар суугаа жирийн л багш хүн. Сумын төвийн дундаж амьдралтай сэхээтний хүүхдүүдийн адил л миний бага нас өнгөрсөн дөө. Ус, түлээгээ бэлтгэнэ, ном уншина, найз нөхөдтэйгөө нийлж, дарвина. Үе тэнгийнхэн, ах нараас жавтий ч хүртэж, харилцан нударга зөрүүлэлцэх, чулуугаар байлдах, маткадах, сагсан бөмбөгийн талбай дээр өдрийг өнгөрөөх гээд л тухайн үеийн хүүхдүүдийн тоглодог байсан тоглоом, наадгайгаар л наадаж өссөн. Урлаг, спортын дугуйлан секцэнд ч суралцаж байлаа. Барилдаж ноцолдон, дээл гутлаа урж ч явсан, зундаа эмээгийндээ очиж хонь, үхэр ч эргүүлж байсан, аавыгаа дагаж тухайн үеийн саалийн ферм, тасаг, бригад, баг болгонд очиж, киномеханикч хийж үзсэн, ер нь элдэв зүйлийг сонирхдог хүүхэд байлаа. Ямар сайндаа л буурайгийнхаа дээрээ хонхтой сэрүүлэгтэй ширээний цагийг задлаад тарааж хаячихаад “Засаж байна” гээд сууж байх вэ дээ. Аав минь цаг, радио, хөгжим, зурагт, машин, мотоцикл гээд эд зүйл засдаг, сумынхан маань одоо ч гэсэн ааваар засуулахаар манайд ирцгээж л байдаг юм. Аавыгаа дагаж айлын зурагт, радио засах гэж оролдож ч явсан. Өөрөөсөө доош, эсвэл паралель ангийнхныхаа монгол хэл, бичгийн шалгалтын дэвтрийг засаж, ээждээ тусалдаг ч байв.
-Сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
-1998 онд сумынхаа Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, аймагт очин конкурс буюу өнөөгийнхөөр элсэлтийн шалгалт өгсөн боловч тухайн жилүүдэд манай аймагт ар өврийн хаалга, танил талаараа далимдуулан улсын сургуулийн хуваарийг авчихдаг байв. Эхний жил ингээд сургууль ч үгүй, гэртээ хоцорч, ангийнхнаа хот руу явахад нэг л уйтай байж билээ. Тэр жилдээ арьсны ченж, дэлгүүрийн худалдагч хийж үзлээ. 1999 оны хавар мөн л конкурс өгсөн ч бас л улсын сургуулийн хуваариас мултарсан. Өмнөх жилийнхээ нэгэн адилаар шалгалт өгөөд эхний гуравт жагссан ч ар өврийн хаалганы хүүхдүүд урдуур орж, миний амжилт хойшилсоор хоосон хоцордог юм байна. Тэр жил Монгол хэл бичгийн дээд сургууль гэж хувийн сургуулиас багш нар очиж, манай аймагт элсэлтийн шалгалт зохион байгуулахад би хамгийн өндөр оноог нь авч, Сэтгүүлч, англи хэлний орчуулагч гэх ангид орж байлаа. Аав минь дунд сургуулиа төгсөөд сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан нь, ээжийн минь монгол хэл, бичгийн багшийн мэргэжил нь нөлөөлсөн юм болов уу гэж боддог доо.
Монгол хэл бичгийн дээд сургууль минь хэдийгээр цаг хугацааны шалгуур, элдэв зүйлийн нөлөөгөөр байхгүй болсон ч гэлээ тухайн үедээ чанартай боловсон хүчин бэлтгэж байсан гэдэг нь одоо ч харагддаг. Тухайлбал, манай сургуулийн өмнөх үеийн төгсөгчдөөс доктор, профессор Д.Бум-Очир, хэл шинжлэлийн доктор, профессор Л.Дорждэрэм гээд олон хүн амжилттай ажиллаж явдаг юм. Манай ангийнхан дотор ч хэвлэл мэдээллийн салбартаа амжилттай ажиллаж буй хүн нэг бус. Нийтлэл, сурвалжилгаараа “БАЛДОРЖ” шагналын дэд байрт нэг бус удаа шалгарсан, манай сонины Улс төрийн мэдээллийн албаны тоймчоор ажиллаж байгаад өдгөө “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгчээр томилогдсон Х.Уянга, Увс аймгийн “Увсын амьдрал” сонины эрхлэгч Б.Батхүү, спортын “Таван цагариг” сонины сурвалжлагч Г.Батцэцэг гээд сэтгүүлч мэргэжилдээ эзэн болсон төгсөгч ч цөөнгүй. Бид тус сургуульд сурч байхдаа ахмад сэтгүүлч, улс төр судлаач, профессор С.Дан-Аажав, Ч.Лодойдамба судлаач доктор Бажуудайн Ганбат, нийтлэлч Б.Номинчимэд, яруу найрагч Ч.Содномдорж, зохиолч, утга зохиол шүүмжлэгч П.Батхуяг зэрэг эрдэмтэн багш нараас сэтгүүлзүйн онол, практик, ур чадвар, ёс зүйн талаар номын дуу сонссон. Энэ мундаг хүмүүсийнхээ зааж сургасны дагуу ажиллахыг хичээж явдаг даа.
-Та “Өнөөдөр” сонинд 17 дахь жилдээ ажиллаж байгаа, туршлагатай сэтгүүлчдийн нэг. Ажлынхаа арга барил, туршлагаас хуваалцахгүй юу?
-2003 оны зургадугаар сард сургуулиа төгсөөд “Өнөөдөр” сонинд ажиллахаар ирж байлаа. Сониныхоо Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албанд Д.Заяабат даргын удирдлага доор таван өгүүлбэр ч олигтой холбож бичиж чадахгүй, мэдээ, мэдээллийн эх сурвалж гэж юу ч үгүй хүүхэд орж байснаас хойш 17 жил өнгөрчээ. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж эрхлэгчийн байгуулсан энэ сониныхоо эс ширхэг нь болж, С.Батбаатар, Г.Бямбажал, Л.Болормаа, Н.Сарангэрэл, Р.Чулуун, И.Рэнчинханд, А.Баасандорж, Ш.Даваадорж, Д.Баасанжаргал, П.Баттулга, Г.Эрдэнэтуяа гээд олон мундаг хүнээс сургааль, сургамж, зэмлэл, магтаал сонсон байж мэдээ, нийтлэл бичих дөр сууж, ахмад үеийн болон өнөөгийн мундаг сэтгүүлчдийн ур чадвараас суралцсаар л байна. Сэтгүүлч байя гэвэл хүн бай гэж дээрх хүмүүс бидэнд захиж сургасаар ирсэн. Үгээр хүний амьдралыг яаж ч эргүүлж болдог учраас сэтгүүлч бид аливаа мэдээ, нийтлэл бичихийнхээ өмнө “уншигчдад хүрсний дараа ямар үр дагавар гарах бол” гэдгийг бодож, тооцоолж байх ёстой юм болов уу. Сэтгүүлч бидний хувьд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ Үндсэн хуульд заасны дагуу эдэлж байгаа. Гэхдээ хязгаарлагдмал хэмжээнд л дээ. Миний хувьд зохиолч хүн биш, жирийн л нэг сурвалжлагч учраас үнэн, бодит мэдээллийг нь элдэв нэмэр хачиргүй, хэн нэгний талд оролгүйгээр л мэдээлэхийг зорьдог.
-Таны бодлоор сэтгүүлч хүн ямар байх ёстой вэ?
-Би энэ цагийн нүүр царай болсон мундаг сэтгүүлч, нэртэй зүтгэлтэн биш болохоор ийм, тийм байх ёстой гээд зааж, зааварлаад байх нь зүйд нийцэхгүй биз ээ. Бал эрхлэгч маань ч, бусад дарга нар минь ч “Сэтгүүлч хүн хамгийн түрүүнд бодит үнэнийг бичдэг байх ёстой. Гадуур сайн явж, хүнтэй уулзаж, мэдээ, мэдээлэл, мэдлэгтэй болох ёстой” гэж надтай хамт “Өнөөдөр” сонины босгоор алхаж орсон залуу сэтгүүлчдэд сургадаг байв. Түүнийг нь мөрдөж ажилласаар ирсэн. Сэтгүүлч бол нийгмийн эмч гэдэг шүү дээ. Нийгмийн саар муухайтай тэмцэгч бид үнэний талд л бат зогсох ёстой гэж үздэг. Сэтгүүлч мэргэжил бол тал бүрийн мэдлэг, боловсрол их шаарддаг.
Сүүлийн үед сэтгүүлч гэдэг мэргэжлийн нэр хүндийг унагасан, шантаажны гэх хүмүүсийн талаар олон нийтийн сүлжээнд ч, салбарын дунд ч их ярих болсон. Сэтгүүлчид бидний цалин тааруу, ажлын ачаалал ч өндөр байдаг. Гэхдээ ийм байлаа гээд мэргэжлийн ёс зүйгээ зөрчиж, хэн нэгний талд ороод, өөр нэг хүнийг илт муухай харагдуулахаар зорьдог нь зүйд нийцэмгүй санагддаг.
Үүнээс гадна сэтгүүлч хүн мэдлэгтэй байх ёстой. С.Батбаатар эрхлэгч минь үүнийг байнга хэлж сургадаг. Уншихаа боливол сэтгэхээ болино ч гэж үг бий шүү дээ. Сэтгүүлч, сурвалжлагч залуус огт уншихаа больсон мэт санагдаад байгаа. Заримдаа хэвлэлийн бага хуралд суугаад залуу сурвалжлагч, сэтгүүлчдийн тавьж буй асуултыг нь сонсоход нэг, хоёрхон өдрийн өмнө аль нэг сонин, сайтад биччихсэн мэдээ, мэдээллийг шинэ юм шиг асуугаад сууж байх нь бий. Бас хэвлэлийн бага хуралд оролцож буй хүн тайлбар, мэдээллээ дөнгөж хэлж дуусчихаад байхад түүнийг нь давтан асуугаад байх тохиолдол ч ажиглагддаг. Мэдээж уншигч, үзэгчдэдээ бодит мэдээллийг хүргэх гэж асууж, лавлалгүй яах вэ. Гэхдээ асуулт тавихдаа мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой юм болов уу гэж санадаг. Сэтгүүлч, сурвалжлагч бид хэн нэгэнтэй ярилцахдаа болж өгвөл тэр хүнээ судалж, ажил мэргэжлийнх нь талаар зохих мэдлэгтэй болсон хэрэгтэй. Тэгж байж оновчтой асуулт тавьж, хэлүүлэх гэснээ яриулж чадна.
Мөн манайхан хүний хөдөлмөрийг зөвшөөрөлгүй хулгайлж, авч нийтлэх явдал сүүлийн жилүүдэд газар авсан. Ингэснийхээ төлөө тэд редакцаасаа цалин авч байгаа шүү дээ. Хүний хөдөлмөрийг сорж, хоолоо олж идэж байгаа тэд ядаж өөрийнхөө өчүүхэн ч гэсэн ажиллагааг нэмэх ёстой юм болов уу гэж бодогддог. Өнгөрсөн долоо хоногт “М.Энхсайхан нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ” гэсэн мэдээ цахим мэдээллийн хэрэгслүүд бие биеэсээ хуулж, баахан “сэвсэн”. Гэтэл М.Энхсайханд холбогдох хэрэг нь аль хэдийнээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирчихсэн, урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийж, шүүх хурлыг нь товлочихсон, дөрөвдүгээр сарын 23-нд гэм бурууг нь хэлэлцэх болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, түүнийг цагдан хорих шийдвэр шүүхээс гаргачихсан байсан шүү дээ. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр сэтгүүлч хүн мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой гэдгийг дахин сануулах гэсэн юм. Мөн ийм мэдээлэл цацагдаад байна, үнэн үү, худлаа юу гэдгийг өөрсдийн эх сурвалж, эсвэл тухайн байгууллагын хэвлэл, олон нийттэй харилцах албаныхнаас утсаар ч болтугай асууж тодруулчих хэрэгтэй шүү дээ. Утсаар тодруулна гэдэг чинь өчүүхэн ч гэсэн хөдөлмөр орж байгаа хэрэг шүү дээ.
Мэдээж цахим эринд амьдарч буй өнөөгийн нөхцөлд мэдээллээ шуурхай хүргэх талаар сайтууд өрсөлдөж л байгаа. Энэ бол зүй ёсны зарчим. Гэхдээ шуурхай байна гээд шүүрхий мэдээлэл түгээж болохгүй гэж манай сонины ахмад сэтгүүлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинханд ах маань нэг ярилцлагадаа хэлж байсан. Харин цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагч нар шуурхай мэдээлэл түгээж, лайв хийж байна гээд шүүрхий зүйл цацаж, уншигч, үзэгч жирийн иргэдийг түгшээх, айдаст автуулж сандаргах явдал мэр сэр гарч байна. Ингэж шүүрхий мэдээлэл түгээснээр ямар ноцтой үр дагаварт хүрч болохыг сэтгүүлч бид үргэлж бодож, аливаад ул суурьтай хандах ёстой юм болов уу гэж боддог. Сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйг эрүүл байлгах чиглэлд анхаарах цаг болчихоод байна. Тэгэхгүй бол хэн дуртай нь, магадгүй сонгуульд нэр дэвших гэсэн хүн манай салбараар дөрөөлж, нэвтрүүлэг ч хөтөлж байх шиг. Мэргэжлийн сэтгүүлзүй гэдэг уг нь хэн дуртай хүний оролдоод байдаг зүйл биш гэж санадаг.
-Сэтгүүлчид бичсэн нийтлэл, сурвалжлаг, мэдээнээсээ болж шүүхэд дуудагдах нь олон шүү дээ. Таны хувьд хэр олон удаа дуудагдаж байв ? -Бичсэн нийтлэл мэдээллээсээ болж шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдах нь хэвийн үзэгдэл болсон. Одоо бүр тоогоо алдаж байна. Өнгөрсөн жил л гэхэд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг цагдаагийн байгууллага шалгаж байгааг бичсэний төлөө тэрбээр 50 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандаж байсан удаа бий. Шүүх түүнийг гүтгээгүйг тогтоож нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд “Эрх зүйн гүүр” ХХН-ийн өмгөөлөгч надад эрх зүйн туслалцаа үзүүлсэн. Мөн бичсэн нийтлэл, мэдээнд нэр дурдагдсан хүмүүс утсаар дарамтлах, шүүх цагдаад өгнө гэж сүрдүүлэх нь олон.-Хамгийн дуулиантай нийгэмд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн нийтлэл, сурвалжлагаасаа дурдахгүй юу?
-Өдөр тутмын сонины нийтлэл, мэдээллүүд тодорхой хэмжээгээр нийгэмд нөлөөлж байгаа биз ээ. Өдөр тутам гарч байгаа сонинд 17 жил ажиллаж байгаа хүн сайн, муу олон мэдээ, нийтлэл бичсэн байлгүй. Нийгэмд нөлөөлсөн, эсэхийг нь уншигчид дүгнэх байх. Би аль болох шударга, үнэний талд байж, нийтлэл, мэдээллээ бичихийг эрмэлздэг. Сониндоо нийтлэл бичихдээ ашигладаг Г.Равжаа гэсэн нэрээр минь уншигчид нийтлэл, сурвалжилга, мэдээллийг минь нийгэмд нөлөөлсөн, эсэхийг дүгнэх байх.
-Дэлхийн халуун цэг болсон Афганистан руу явж сурвалжилга хийж байсан юм билээ. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бол?
-Өнөөдөр Афганистан харьцангуй тогтвортой, сөргөлдөгч талууд эв эеэ эрхэмлэхийг хичээж байгааг олон улсын мэдээллээс харж, уншиж байна. Би 2012 оны зургадугаар сард тус улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдыг ээлж солилцох үеэр бригадын генерал Г.Энхбаатар тэргүүтэй ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнуудын хамт явж сурвалжилга бэлтгэх боломж тохиосон. БХЯ, ЗХЖШ-тай манай сонины хамтын ажиллагааны хүрээнд тухайн үеийн тус штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, орлогч дарга, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй удирдлагынх нь зөвшөөрлөө, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийнх нь алба хаагчдынх нь дэмжлэгээр дэлхийн халуун цэг болсон оронд очиж, сурвалжилга хийх боломж таарсан юм. Манай редакцаас нэг хүн авч явах санал тавьсны дагуу Д.Заяабат дарга маань намайг явуулахаар болж, тус улсын 3-4 хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдынхаа халуун цэгт хэрхэн энхийг сахиулж буйг сурвалжилсан. Ирээд “Нулимсан дундах Афган” цуврал сурвалжилга, нийтлэл бичсэн юм.
Түүгээрээ тэнд манай алба хаагчид ямар нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байгааг уншигчдадаа хүргэсэн. Тухайн үед нөхцөл байдал түгшүүртэй, биднийг очихын өмнөх өдөр Кабулын нисэх буудлаас хөөрч байсан нисдэг тэргийг алан хядагчид сөнөөж, олон хүний аминд хүрсэн, манай цэргийн баазын хамгаалж буй “Ногоон бүс” рүү чиглэсэн халдлага болж, харуулын цэг рүү олон удаа буудсан зэрэг халдлага болсон үед бид Кабулд очсон л доо. Манай энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй биелүүлж, “Ногоон бүс”-эд байгаа тус улсын Ерөнхийлөгчийн ордон, гадаад орнуудын ЭСЯ-д, дипломат төлөөлөгчдийн газруудыг аливаа халдлагаас сэргийлж чадаж байсан. Ямар нэг халдлага боллоо гэхэд манай цэргийн алба хаагчид хамгийн түрүүнд байлдааны бэлэн байдалд шилжиж, тэнд байгаа бүх хүнийг хоргодох байранд оруулж, эрсдэлээс хамгаалдаг. Монголын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа учир бид айдасгүй байж чаддаг гэж АНУ, Канад, Англи, Франц, Германы цэргийн алба хаагчид хэлж байсан. Түүгээр ч зогсохгүй цэргийн баазад ажилладаг афганы жирийн иргэд ч манай цэргийн алба хаагчдад талархаж байсан. Тэдний аюулгүй байдлыг ч манай энхийг сахиулагчид одоо ч гэсэн хамгаалж байгаа.
Түүнчлэн манай сургагч нар Афганы цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэн, тус улсын батлан хамгаалах салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж ч байсан.
Тус улсын Бадакшан мужийн төв Файзабад хотод манай энхийг сахиулагчид ХБНГУ-ын цэргийн багийн бүрэлдэхүүнд багтаж, нэг рот цэрэг тухайн үед үүрэг гүйцэтгэж байв. Тэдний хамтаар нэг удаа тус хотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж, аж амьдралтай нь танилцах боломж олдсон юм. Тэгж явахад бидний зам дээр алсын удирдлагатай, гар утсанд холбосон тэсрэх бөмбөг тавьсан байсан. Тагнуулын шугамаар авсан тэсрэх бөмбөгийн тухай мэдээлэл нь батлагдаж, тус хотод эргүүл хийх эргүүлийн салааныхаа маршрутыг өөрчлөн явуулж, тэр хоорондоо зам дээр тавьсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгож, биднийг бааздаа буцаж ирэхэд сапёрчид устгасан. Бас Файзабад хотод очсон шөнө Канад, Английн цэргийн тусгай хүчнийхэн барьцаалагдсан эмч, хэлмэрчийг суллах ажиллагаа явуулж байлаа. Энэ бүхнийг дурдсаны учир нь манай энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгт Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгэж байсныг тодотгож байгаа юм.
-Монголын хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажиллажээ. Нийгэмд өрнөж буй үйл явцыг байнга ажигладаг байх. Таны бодлоор хамгийн түрүүнд юуг өөрчилж шинэчилмээр санагддаг вэ?
-Хүн бүрийг мэдлэгтэй, мэдээлэлтэй, боловсролтой болгох сон гэж санадаг. Учир нь манай боловсролын тогтолцоог сүүлийн 20-30 жилд “самарсан”-ы горыг монголчууд өнөөдөр амсаж байна. Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан хуурамч, баримтгүй мэдээллийг дагаж иргэд хямарч, догдлоод, эсвэл эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарах болсон. Энэ нь аливаа мэдээллийг нягталдаггүй, бодит зүйлийг уншдаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, уншиж, сэтгэж, өөрийн гэсэн үзэл бодолтой бололгүй, хэн нэгнийг даган, дуурайж, хэлбэр хөөх явдал их болсон. Нийгмийн “хар масс” гэж яриад байдаг олонхыг уншдаг, мэдээллээ нягталдаг болгомоор санагдаад байдаг юм. Олонх уншиж, мэдлэг боловсролоо дээшлүүлснээр хамгийн наад зах нь сонголтоо зөв хийж, цэвэр хүмүүсээр улс орноо жолоодуулах боломж бүрдүүлнэ шүү дээ. Иргэд өөрсдөө тухайн нэр дэвшигчийн талаар уншиж, судлалгүй, тараасан таван төгрөгт нь хууртан сонголтоо буруу хийчихээд, эцэстээ төр засаг руугаа, хуулийн дагуу үүрэг гүйцэтгэж буй эгэл жирийн төрийн албан хаагчдад бурууг чихээд сууж байгаа. Тиймээс л хүн бүрийг мэдлэгтэй, боловсролтой болоосой, уншдаг, нягталдаг болгомоор байгаа юм.
-Сургуулиа дөнгөж төгсөөд ирж буй, эсвэл дадлага хийхээр оюутнууд ирдэг байх. Тэдэнд та юу хэлж захидаг вэ?
-Мэдлэгтэй болох, ном унш л гэж захидаг. Залуу сэтгүүлчид мэдлэггүй, мэдээлэлгүй байгаагаас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд нь буураад байна уу гэж бодогддог. Оновчгүй асуулт тавьж, үгээ зөв сонгохгүй, ярилцагчийнхаа хэлснээс асуулт ургуулж чадахгүй байх явдал ажиглагддаг. Үнэхээр сайн сэтгүүлч болохыг зорьж байгаа хүн сонинд ажиллаж бичих дөртэй болох нь дээр гэж манай ахмад үеийн төлөөлөл ч хэлдэг, би ч бас тэгж боддог юм. Сэтгүүлчид бид нийгмийг эрүүлжүүлэхээс гадна монгол хэлнийхээ дархлааг хадгалж байх ёстой. Дээр Монголын боловсролыг “самарсан” гэж яриандаа дурдсан даа. Үүний бодит жишээ нь сургууль төгсөж ирж байгаа залуус. Маш их алдаатай бичиж байна. Залуучуудын бичсэн зүйлийн утга найруулгыг алдаа нь дүүрч гэхэд үг, үсгийн алдаа маш их болж. Сэтгүүлзүйн боловсон хүчин бэлтгэдэг сургуульд зөв бичих, найруулан бичих аргыг тааруухан заагаад байгаа юм болов уу. Эсвэл дунд сургуулийн багш нар нь хичээлээ тааруухан заагаад байна уу. Тиймээс төгсөж ирж буй, эсвэл дадлага хийхээр ирсэн залууст ном уншиж мэдлэг, мэдээллээ ахиулахыг зөвлөдөг. Гэхдээ хэрхэн баяжих вэ, турах вэ гэх мэтийн зөвлөгөө биш, Монголын нэртэй зохиолчдын үргэлжилсэн үгийн бүтээлийг унш гэж хэлдэг юм.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хүний бичсэн оюуны хөдөлмөрийг хулгайлахгүй, хэд хэдэн эх сурвалжаас баталгаатай мэдээлэл авч л уншигчдадаа хүргэх зарчим баримталж ажилладаг даа.