Бельгийн вант улсын Антверпен хотын өндөр настны асрамжийн газарт Х.Нарантуяа хэмээх монгол бүсгүй сувилагчаар ажилладаг. Түүнтэй холбогдож ажил, байдлынх нь талаар асуух боломж олдов. Тэрбээр энэ өдрүүдэд зав муутай байгаа гэдгээ хэлээд товч мэдээлэл өглөө. “Би ээлжиндээ яваад л байна. Өндөр настнуудаас маань шинэ коронавирусээр өвчлөх нь эрс буурсан. Тэглээ гээд тайвширч болохгүй. Дэлгүүр онгойх, цэцэрлэг, сургууль ажлаа эхлэхэд сонор сэрэмжээ алдахгүй, болж өгвөл бөөгнөрөл үүссэн газарт өөрсдөө нэмж очихгүй байх хэрэгтэй. Энд эрүүл мэндийн салбарын доктор, профессорууд нь “Хэрвээ зуныг сайхан өнгөрүүлье гэвэл одоо л гэртээ байцгаа” гэж хэлж байна” гэлээ.
Х.Нарантуяа тус улсад олон жил амьдарч буй аж. Ажлаа хийхийн сацуу төрийн бус байгууллагаараа дамжуулан Бельгид “хараар” амьдарч байгаа монголчууддаа туслах комисст чөлөөт цагаараа ажилладаг гэнэ. Орчуулга хийж, хүнсний тусламж үзүүлэх ажилд тэрбээр идэвхтэй оролцдог аж.
Ташрамд хэлэхэд, Бельги улсын хувьд коронавирусийн халдвараар өвчилсөн, нас барсан хүмүүсийн 70 хувь нь өндөр настны асрамжийн газруудынх гэнэ.