Оросын нүүрсний магнат тэрбумтан Дмитрий Босов Мягмар гарагийн орой толгойдоо буудулсан шархтай Москвагийн ойролцоох эдлэнгээсээ олджээ. Түүний дэргэд гар буу олдсон бөгөөд тэрбумтанг амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа аж. Оросын мөрдөн байцаах ерөнхий газрын төлөөлөгчийн мэдээлснээр мөрдөн байцаагчид Дмитрий Босовын амиа егүүтгэсэн нөхцөл байдлыг тодруулж байгаа аж. Босов нь төмөрлөгийн нүүрс олборлодог "Востокуголь" болон "Сибантрацит" компанийн хамтран эзэмшигч бөгөөд “Forbes” сэтгүүлийн хувилбараар Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 86-д бичигддэг байжээ. Дмитрий Босовын нэр төдийлөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байдаггүй ч хэдэн сарын өмнө тэрбээр хамтрагч Александр Исаевыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, асар их хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгасан явдал олонд ил болжээ. Үүнээс гадна хэрэг явдал болохоос хэд хоногийн өмнө Босовын эзэмшдэг “Genius Fund Group” хөрөнгө оруулалтын компанийн хуучин ажилтан, АНУ-ын тусгай хүчинд алба хашиж байсан Фрэнсис Рачоппи түүнийг хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн хэмээн буруутган, сая доллар нэхэмжилж Лос-Анжелес шүүхэд гомдол гаргасан байна.