Цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосноор Франц, Норвег, Швед, Испанид зам тээврийн ослоор амиа алдагсдын тоо 50-60 хувиар буурсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч, Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч Жан Тодт мэдэгджээ.
Египет улс энэ сарын 15-наас дотоодын аялал жуулчлалд зориулан амралтын газрууд дахь зочид буудлуудын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна. Гэхдээ эхний ээлжид зочид буудлуудын ачааллыг 25, ирэх сарын эхээр 50 хувь болгож нэмэгдэх гэнэ.
Вьетнамд сүүлийн 20 хоногийн хугацаанд халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж. Тиймээс энэ сарын 23-наас нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээ, дотоодын нислэгийн хориогоо аажмаар цуцлах болов. Энэ долоо хоногоос тус улсын ахлах болон дээд сургуулийн үйл ажиллагааг сэргээжээ.
Америкийн “Starbucks” компани ирэх сарын эхээр салбаруудынхаа 90 гаруй хувийг нээхээр төлөвлөж байна.