Н.Багабанди
Хорвоод сайн хүн маш олон. Сайны хажуугаар саар гэгчээр муу хүмүүс ч цөөнгүй. Сайн, муу хүмүүс холилдон зэрэгцэн амьдарсаар ирсэн нь ертөнцийн жам. Саруул ухаантай, өндөр ёс суртахуунтай, хүний мөс сайтай, зөв хүмүүжилтэй хүнийг түүхийн аль ч цаг үед дээр, доргүй дээдлэн хүндэлж байжээ. Эрт цагт улс орноо захирсан хүчирхэг хаан нэгэн боолыг дэргэдээсээ огт салгахгүй дагуулан явахын хамт арван түшмэлийн цалинтай тэнцэхүйц цалин өгч, хангамж эдлүүлэн, дотносон хайрладаг байв. Хааны ойрын шадар албатууд эл байдалд атаархан дургүйцэж, өвөр хоорондоо сэм шивнэлдэн, тэвчээрээ барьж ядан явдаг байж. Нэг өдөр шадар албатууд эвсэн ярилцаж байгаад хаантнаасаа,”Яагаад энэ боолд биднээс илүү дотно хандана вэ, юуг нь тэгж их үнэлдэг юм бэ, бидний олж харахгүй байгаа далд чадвар, онцгой увидас түүнд байдаг хэрэг үү, гаднаас нь харахад онцгой гойд зүйл бид олж харахгүй юм, яахаараа арван түшмэлийн цалинг түүнд өгнө вэ” гэж зориглон асууцгаав. Хаантан шүүрс алдан, эрхэм түшмэлүүд минь, би түүний гадаад төрхөнд биш, ёс суртахуун, зөв хүмүүжил, чин үнэнч зан чанарт нь хайртай байдаг юм гэжээ. Хаан, цэрэг эрс, бараа бологсдоо дагуулан дээрэмчдийн бүлгийг дарахаар хөөж явав.
Дээрэмчид ачаа хөсгөө орхин ум хумгүй зугтжээ. Хаан, бараа бологсдоо дээрмийн олзноос авч чадах хэмжээгээрээ авцгаа гэж тушаав. Тэнд байсан хүмүүс олз руу шунан гүйлдэв. Хааны хажууд мөнөөх үнэнч боол үлдсэн байлаа. Хаан түүнээс дээрэмчдийн орхисон зүйлээс чи юу авсан бэ гэж асуухад, хаантан минь, би юу ч аваагүй, зам зуурын олзноос болоод би танд үйлчлэх эрхэм үүргээ умартахгүй гэжээ. Дээрэмчдийг дарж буцах замдаа холоос яваа бололтой худалдаачидтай тааралдав. Хаан нэгэн түшмэлээ явуулж хаанаас яваа аянчид болохыг асуугаад ир гэлээ. Түшмэл хаанаас яваа болохыг асууж мэдээд буцаж ирэв. Тэд хаашаа явж байгаа юм бол гэхэд түшмэл хариулж чадсангүй. Өөр нэг түшмэл явуулж, хаашаа явж буйг нь мэдээд ир гэв. Түшмэл хаашаа зорьж яваа аянчид болохыг асуугаад буцаж ирэв. Ямар бараатай яваа худалдаачид вэ гэж хаан түүнээс асуув. Түшмэл энэ асуултад хариулж чадсангүй.
Арван түшмэл ээлжлэн явуулсан боловч хааны мэдье гэсэн мэдээллүүдийг бүрэн өгч эс чадав. Хаан бараа бологч нөгөөх боолоо явуулж, аянчид хаанаас хаашаа явж байгааг мэдээд ир гэв. Мөнөөх боол аянчид хаанаас хаашаа явж байгаа, ямар ачаа бараатай, хэдэн хүн, ямар хөсөг уналга, зэр зэвсэгтэй гэх зэрэг хааны мэдье гэсэн мэдээллийг нэгд нэгэнгүй илтгэж, асуусан болгонд нь бүрэн хариулав. Тэрээр ганцаараа арван түшмэлийн мэдэж чадаагүйг мэдээд ирсэн байв. Хаан түшмэлүүддээ хандан би яагаад энэ хүнд арван түшмэлийн цалин өгч, хангамж эдлүүлдгийг ойлгов уу, энэ цалин хангамж нь надад үнэнч үйлчилдэг сэтгэлийнх нь төлөөсний хаана нь ч хүрэхгүй өчүүхэн бага юм. Дээр нь энэ хүн миний нүд рүү эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг билээ. Түүнийх нь өр төлөөсийг би насаараа ч төлж чадахгүй байх аа гэжээ.
Нүд рүү нь эгц харж байгаад үнэнийг хэлдэг үнэнч хүмүүсээр хүрээлүүлсэн хэн ч гэсэн амжилтдаа ташуурч, алдаж эндэхээс найдвартай хамгаалагдана. Эм гашуун ч эрүүл мэндэд тустайн адил үнэн үг гашуун ч амьдралд хэрэгтэй. Бусдын нүд рүү эгц ширтэж байгаад үнэнийг өчдөг хүн-эр зоригтон, хүн чанартай эрхэм. Сонсож байгаа хүндээ таатай бус үнэнийг шууд хэлэхэд халуун. Ялангуяа өөрөөсөө дээш албан тушаалтны хүсэл зоригийнх нь эсрэг үнэнийг хэлэх амар биш. Алдах юмгүй, айх аюулгүй, чадвар чадавхтай хүн л үнэнийг зоримог хэлдэг юм.
Эрх мэдэл, албан тушаал, эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс болж хэний ч гэсэн зан чанар өөрчлөгдөж, хүн чанар доройтох нигууртай. Улаан нүүрийг нь улалзуулан үнэнийг шууд хэлдэг ойр дотно нөхөдтэй хэн боловч хүнээ алдах ослоос сэргийлэгдэж, хүн хэвээр үлдэнэ. Үнэнийг сонсож чаддаг, үнэнээс гажсанаа хүлээн зөвшөөрдөг хүн худал хуурмагийн эх захгүй орон зайд төөрч будилахгүй, зөв замаар амьдралаа хөтлөн явна. Үнэнийг хэлж анхааруулсаар байтал намайг хэн хэлэх вэ гэсэн байдалтай үл тоон өөрийнхөөрөө мугуйдлан зүтгэгч эрт орой хэзээ нэгэн цагт замаа алдана, хүнээ ч алдана.
Нүд рүү нь эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг хүн дээд зэргийн буянтан. Төөрч будилахаас бусдыг хамгаалж, амьдралын замаа зөв олоход нь хэлж тусална гэдэг дээдийн буян байлгүй яах вэ. Үнэнийг нуулгүй хэлж өгнө гэдэг сэтгэлээсээ үйлдэж байгаа том тус. Үнэний замаас гажиж, үйлс нь хазайхаас сэргийлнэ гэдэг дээдийн тус мөнөөс мөн. Нүд рүү эгц хараад хэлэх, зөрүү хараад ярих хоёр тэс ондоо. Хүний нүд худал хэлдэггүй. Хэлж байгаа үгийг хүлээж авч байна уу, хүлээн зөвшөөрч байна уу гэдэг нь нүдэн дээр нь ив ил харагдана.
Хармын сэтгэлгүй үнэнийг нь хэлж өгөхөд өрвөсхийн дургүйцэх хүнд хайр шингэсэн үнэн үгийг дахин давтан хэлэх төвөгтэй. Үнэнийг сонсъё гэсэн чих нь онгорхой, сэтгэл нь нээлттэй хүнд энгийн цөөн үг ч бэлэг сургаал мэт сонсогдон сэтгэлийг сэргээнэ, үнэнийг сонсох дургүй чих нь бөглөөтэй, сэтгэл нь хаалттай хүнд мэргэдийн үг ч улиг яншаа болж залхаана. Амжилттай яваа хэн боловч биеэ тоох өвчин тусаж, бардам сагсуу, ихэмсэг дээрэнгүй болж, төрөлх зангаа хувиргахад ямагт ойрхон. Биеэ тоох өвчнөөс хамгаалан сэргийлэх хоёр сайн эм бий. Нэг нь өөрийнх нь тухай хэлж байгаа үнэн үгийг тэвчээртэй сонсож, санаа аван биеэ засах чадвар. Нөгөөх нь биеэ тоосон бусдын ихэмсэг байдлыг харж, өөрийн гажгийг засах.
Нүүрэн дээр нь үгийн сайныг цуглуулан магтах мөртлөө нүднээс далд үгийн мууг хаман муулж явах нь ариун шударга бус хүний өлхөн хийх үйлдэл. Ариун шударга бус хүн бусдын нүд рүү эгц хараад үнэнийг хэлэх сэтгэлгүй байдаг. Ариун шударга сэтгэл зүрх л үнэнийг чин сэтгэлээсээ, илэн далангүй, сайнтай, саартай нь зориглон хэлж чадна. Үнэнийг ярих нь хүн бүхэнд заяадаггүй хишиг мөн боловч хүн болгон зөвхөн үнэнийг ярих юм сан гэж бодож хичээж явах ёстой. Булавч бултайна, даравч дардайна гэдэг шиг үнэнийг хэчнээн дарж харлуулан, далд хийн нуулаа ч цэлэлзэн цэнхэртэх нуурын мандалд дураараа сэлэх цав цагаан хун адил үнэн ил гаран хөвнө. Үнэний үрийг долоон алд газарт булж дарлаа ч замдаа тээглэх шороо чулууг дийлдэшгүй их хүчээр түрэн ил гарч, цэцэглэн дэлгэрнэ. Үнэн хүнийг өөд нь өргөдөг, худал хуурмаг хүнийг доош чангаадаг. Илэрхий худал үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцааж байх нь үнэнийг эрхэмлэгч хүн бүрийн үүрэг. Бусдад үнэнийг ярьж сурахын тулд өөрөө үнэнийг сонсож, өөртөө үнэнийг ярьж сурах хэрэгтэй.
“Үнэн нь хуурмаг зан болон бялангач занг тэвчишгүй тусгалын толь байдаг” хэмээн их зохиолч Ф.Шиллер бичжээ. Бялангачийн үг болоод үйлдэл хэзээ ч чин сэтгэлийн гүнээс гардаггүй. Бялдуучлал аль нэгэн эрх мэдэлтэй, нэр төртэй хүнд хөнгөн хийсвэр татагдаж, түүнд итгэгдэн хүрээлэлд нь нэвтрэхийн тулд ичиж зовохоо үл мэдэн долигонон магтаж, түүний дэргэд улам бүр жижгэрч чадах өчүүхэн хүмүүсийн хиймэл хувь тавилан. Том тэнэг өөртөө бялдуучлах жижиг тэнэгийг заавал олдог. “Хамгаас бялангач зантай хүмүүс бусдаас илүү тэнэг байдаг” (У.Гезлитт).
Ой гутам нялуун магтаал хэлж байгаа хүндээ ч, магтуулж байгаа хүндээ ч ямар ч нэр төр авчирдаггүй. “Бялдуучлал гэж юу вэ? Энэ бол таны харц бүрийн хариуд боолын долигонолоор инээж байдаг, таны хэлсэн үг бүрт уулга алддаг, таны бүх үйл хөдлөлд алга ташиж байдаг тийм уян хатан, хүлцэнгүй ухаан юм” (У.Лабрюйер).
Бялдуучлал үнэний заналт дайсан. Бялдуучид бусдын нүд рүү эгц харж байгаад үнэнийг өчих эр зориг, эрүүл ухаан, сэтгэлийн тэнхээ ямагт дутна. Хэрэв чи үнэний талд бат зогсож байгаа бол хүн хэвээр байна гэж өөртөө баярла. “Үнэний дуу хоолойгоор надтай ярилцдаг тэр хүний хойноос би тээнэгэлзэхгүй явах болно” (У.Уйтмен).