Тэртээх 1978 оноос хойш Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлсэн, төсөв төлбөрийн “саалийн үнээ” гэгдэж ирсэн “Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 100 хувь манай улсынх болж байв. Тухайн үед ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг манай “Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдсан байдаг. Гэвч Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 91 дүгээр тогтоол гаргаж “Эрдэнэт үйлдвэр”-ийг шууд хяналтдаа авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Улмаар мөн оны гуравдугаар сарын 21-ний өдөр 102 дугаар тогтоолоороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгож статусыг нь өөрчилсөн юм.
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг 2019 оны есдүгээр сарын 13, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус бүр зургаан сарын хугацаагаар сунгасан байдаг. Үндсэндээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш онцгой дэглэм хэмээх хаалттай байгууллага болсон гэсэн үг. 2019 оны сүүлчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ байгаагүй онцгой ашиг орлоготой ажиллаж, амжилт бүтээл гаргасан тухай мэдээлэл цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бялууртал цацагдлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн энэ амжилтын бодит үнэн хийгээд онцгой дэглэмийн ард болж буй зарим явдлыг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл тодруулах шаардлагатай гэж үзлээ. Онцгой анхаармаар хэд хэдэн асуудал байна. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл дараах асуудлуудыг хөндөж, та бүхний сонорт хүргэж байна.
НЭГ. БҮТЭЦ, СТАТУСЫГ НЬ ӨӨРЧЛӨХИЙН УЧИР...
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага дэлхий даяар тархсан “Ковид-19”-ийн улмаас хотод “хоригдчихсон” байна. Ингээд үйлдвэрийн үйл ажиллагааг Улаанбаатараас удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ ихээхэн ажил өрнүүлээд хөөцөлдөж яваа мэдээллийг манай нэгдэл өмнө нь мэдээлсэн. Дарга нар нь “Эрдэнэт үйлдвэр”-т бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, тус ТӨҮГ-ыг ААТҮГ (аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар) болгох гээд ЗГХЭГ хавиар тун чиг завгүй ажиллаж яваа юм байна.
Аливаа байгууллагын статусыг өөрчилнө гэдэг бол байж болно. Өөрчилж л байдаг. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд өөр юм. Энэ үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас хойш онцгой дэглэм тогтоосон тухай дээр өгүүлсэн.
Онцгой дэглэм гэдэг бол энгийнээр хаалттай болчихож байгаа юм. Хаалттай үйлдвэрт хэн юу хийснийг эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудаас өөр хэн ч мэдэхгүй. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Ингэж хардахаар мэдээллүүд ч бий.
Хамгийн гол нь онцгой дэглэмийн үед хууль зөрчсөн үйлдлүүд гарсан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн статус өөрчлөгдсөнөөр бүдгэрч алга болно. Маш товчоор хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үед гарсан булхай “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ болсноор алга болчихно. Хариуцлага хүлээх албан тушаалтан үгүй болно. Ийм л учиртай юм.
Дээрээс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусыг өөрчлөх зайлшгүй шаардлага, шалтгаан одоогийн удирдлага, бусад албан тушаалтанд буй нь харагдаад байна.
Тэр нь юу вэ гэхээр “Эрдэнэт үйлдвэр” нь 2016 онд 5096, 2017 онд 6045, 2018 онд 6110 ажиллагсадтай байв. Харин онцгой дэглэм тогтсон 2019 онд ажиллагсдын тоо огцом өсөж 6648-д хүрчээ. Эрх баригчдын илгээсэн 500 хүнээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бүхнийг дээр хэлсэнчлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар засаж, 500 хүнийхээ ажлын байрыг баталгаажуулах гэж байгаа хэрэг юм. Цаашилбал ингэж “тооно”-оор орж ирсэн ажиллагсад тушаал дэвшиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үндсэн ажиллагсад шахагдах, халагдах үүд нээгдэнэ. Ийм л юм болно.
ХОЁР. ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮНЭ ХОЁР БУУГААД БАЙХАД ОРЛОГО, АШИГ НЬ НЭМЭГДСЭН ХЭМЭЭХ ОЙЛГОМЖГҮЙ МЭДЭЭЛЭЛ
“Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 1.258 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 126.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2017 онд 1.962 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 320.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2018 онд 2.084 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 439.9 тэрбумын ашигтай ажиллажээ. Мөн 2019 онд 2.015 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 517 тэрбумын ашигтай ажилласан байх юм.
Улсын төсөвт 2016 онд 183.7, 2017 онд 580, 2018 онд 654.9, 2019 онд 961.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эдгээр мэдээллийг харах нь ээ, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болсон 2016 оноос хойш борлуулалтын орлого хийгээд улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээ тогтмол өсжээ. Алдагдал нь ашиг болж хувирсан байна.
Нөгөөтээгүүр, асуудлын гол нь дээрх тоонууд бидний нүд, чихэнд гоё сонсголонтой хүрэх авч бодит байдлаас баахан зөрсөн байх магадлал өндөр байгаа юм.
Учир юу гэвээс 2017, 2018 онд дэлхийн зах зээлд зэсийн ханш 2019 оныхоос өндөр байсан. Бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2019 оны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх жилүүдийн түвшинд байхаар барахгүй борлуулалтын орлого нь 2018 оныхоос буурсан байгаа юм. Гэтэл 2019 онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар үнэмлэхүй хэмжээгээр өсөж, 961.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 517 тэрбумын ашиг олсон гэсэн мэдээлэл тарааж байх юм. Хаанаас, хэн ийм тоо гаргаж ирсэн нь хачирхалтай. Зүй нь үйлдвэрлэл хийгээд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш буураад байхад борлуулалтын орлого, ашиг нь нэмэгдээд байгаа нь ойлгомжгүй юм.
Энэ нь “Стандарт” банкны өрийг төлөх зорилгоор 2016-2018 оны ашгаас байгуулсан сан 2019 онд төлөгдсөнөөс бусад хэсэг нь буцаж төрийн өмчид ирсэн нь ингэж сайн ажилласан мэт харагдуулсан ч байж мэднэ. Юутай ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага энэ хугацааны тайлангаа үнэн зөв мэдээлэх шаардлагатай юм.
ГУРАВ. ЭРСДЭЛТЭЙ, ЭРГЭЛЗЭЭТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2019 оны тайланд “2017-2019 онд нийт 625 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Үүнээс 448 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2019 онд хийсэн” тухай дурджээ. Харин 2020 онд тус үйлдвэрт 870 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүний 80 гаруй хувийг дэвшилт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийх замаар технологийн цувааны техник, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжуудын найдварт ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд зориулах юм байна.
Хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг сайн. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТӨБЗГ-аар батлуулсан 2020 оны санхүү, эдийн засгийн төлөвлөгөөнд дээрх 870 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 170 сая ам.доллар буюу 470.8 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлэхээр тусгажээ.
Ер нь бол хөрөнгө оруулалт нь анхны хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж, үйлдвэрийг эрсдэлд оруулахгүй, үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлсэн байх учиртай. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-т 2020 онд хийгдэх 870 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь энэ үндсэн шаардлагыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй, эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэсэн үг.
Тодруулбал, дээрх хөрөнгө оруулалт хийгдсэний дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн баланс гарахад 170 сая ам.доллар буюу 470.8 тэрбум төгрөгийн өртэй, дөрвөн сая ам.доллар буюу 11 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй байхаар ТӨБЗГ-аар батлуулсан төлөвлөгөөндөө тусгасан байна. Энэ нь 2021 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулж, эргэлтийн хөрөнгөгүй болгохоор харагдаж байна. Түүнчлэн дэлхийг хамарсан “Ковид-19”-ийн улмаас нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондоны металлын биржид 4684.8 ам.доллар буюу төлөвлөсөн үнээс доогуур байгаа. Мөн Монгол Улс “саарал жагсаалт”-д орсноор гадаадын банкуудаас авч болох зээлийн мөнгөн хөрөнгийн хүү нэмэгдсэн. Ийм нөхцөлд зээлээр хөрөнгө оруулалт хийх нь тэр чигээрээ эрсдэл юм. Эдгээр мэдээллийг эрх баригчид мэдэж байгаа, эсэх нь эргэлзээтэй байна. Учир юу гэвэл “Эрдэнэт үйлдэр”-т онцгой дэглэмтэй, хаалттай байх үед гарсан буруу шийдвэрийн үр дагавар тодорхой хугацааны дараа заавал ил болно. Тэр цагт энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг бас яригдаж таарна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ