Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг “Чингис хаан” банканд байршуулахдаа хахууль авсан хэрэгтээ 30 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг өөр хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж эхэлжээ. Энэ ажиллагааныхаа хүрээнд ХААН банкны төв байранд үзлэг, нэгжлэг хийсэн гэдгийг хэд хэдэн эх сурвалж батлав. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Зарим цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлээд буй шиг ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг шалгаж, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн зүйл байхгүй. Ч.Алтанхуягт холбогдох хэргийг шалгах ажлын хүрээнд өнгөрсөн жилүүдэд тус банканд байршуулсан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой баримтуудыг гаргуулж авахаар тус банканд үзлэг, нэгжлэг хийсэн” гэлээ.
Прокурорын байгууллагын эх сурвалжууд ч “Ц.Баатарсайхантай энэ асуудал холбоогүй” хэмээсэн юм. Тус банканд хууль сахиулах байгууллагаас үзлэг, шалгалт хийж байгааг прокурор, мөрдөн байцаах албаны эх сурвалжууд батлаад байхад ХААН банкны ажилтнууд “Манай банканд огт тийм зүйл болоогүй” гэж худлаа ярьсан нь хачирхалтай.
НДЕГ-ын тэргүүн дэд, ЭМДЕГ-ын даргын албан тушаал хашиж байсан Ч.Алтанхуягийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг ХААН банканд байршуулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн буруутгаж буй юм билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа