Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр явуулж, зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр болсон. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх олон улсын шаардлагын дагуу дээрх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авах журмыг баталсан юм. Үүний хүрээнд хүний нөөц, ажлын байрны орчин, тоног төхөөрөмж, санхүүгийн чадамжийн хувьд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангахуйц хэмжээнд хүрсэнд тооцогдож, хүсэлт ирүүлсэн найман хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгожээ. Цаашид банкнаас бусад санхүүгийн салбарын зохицуулалтад үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн зуучлал, борлуулалтынхныг тооцон, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд тухай бүрт нь шаардлагатай мэдээллийг аж ахуйн нэгж, иргэдэд хүргэж, санал солилцох боломжтойг тус хорооноос уламжлав. Ташрамд дурдахад, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах сонирхолтой хуулийн этгээдүүд журамд заасан нөхцөл, шаардлагын талаарх зөвлөгөө, мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаснаас болон утсаар авч болох нь.