Эрүүгийн, тэр дундаа авлига албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шүүгдэгчийн ширээнд суух болсон нэг бус хүнийг эрх баригчид Элчин сайд, дипломат албанд томилон эрүүгийн хариуцлагаас мулталж байна. Үүний нэг жишээ нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондог юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Харамсалтай нь, тус шүүх Засаг дарга асныхаа холбогдсон хэргийг шийдвэрлэж чадахгүй нь. Учир нь түүнийг өнгөрсөн оны намар, өвлийн заагаар Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлж, манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр томилон явуулсан билээ. Үүнээс нь болоод эрүүгийн хэргийг шийдвэрлэхгүй, гацаанд орчихсон аж. Д.Галсандондогийн хувьд Ховд аймгийн Дөргөн суманд нөхөн сэргээлт хийхээр нэгэн иргэнээс 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар тухайн иргэн өрөнд орж 120 сая төгрөгөөс болж шүүхэд дуудагдсан. Албан тушаалаа урвуулан ашиглаж ажилд оруулж өгнө хэмээн суудлын автомашин бэлгэнд авсан гэх хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр Засгийн газраас уржигдар гаргав. Тэрбээр мөн л эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай, эсэхийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгохоор өнгөрсөн оны сүүлчээр шилжүүлсэн юм. Гэвч тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хэргийн бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр хошууч генерал Т.Бадрал, тус газрын Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан билээ. Уг нь тэдэнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Харин Т.Бадралд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн танил талаа ашиглаад буцаасан байх магадлалтай хэмээн онцгой байдлын албаныхан шивэр авир гэлцдэг. Уг хэрэгт ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцоод буй билээ. АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгаж, цөөнгүй үйлдлийг нь нотлогдсон гэж үздэг аж.
Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдчихаад дипломат албан тушаалд очсон, очих гэж буй хүн дээр дурдсан хоёроор тогтохгүй. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийг Болгарт томилуулахаар өнөөгийн Засгийн газар, МАН-ынхан нэр дэвшүүлж байсныг уншигчид мартаагүй. Тэрбээр Цэвэр агаар сангийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан билээ.
Бэлтгэсэн:Г.Равжаа