Коронавирусээс үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн төр засагтай хамтран даван туулахыг уриалж МҮХАҮТ-аас “Ажлын байраа хамгаалъя” цахим жагсаалыг зохион байгууллаа. Уг цахим жагсаалыг сурвалжлан хүргэж байна.
Ажлын байргүй болсон иргэдийг төлөөлүүлж ажлын байранд хэрэглэдэг эд зүйлсийг жагсаан тавьсан байв. Жишээ нь оёдлын машин, уул уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмж, сургалтын төвүүдийн сандал ширээ, компьютер, ажлын хувцас, принтер, хүрз, хамгаалалтын малгай, хогийн шүүр гэх мэт олон зүйлсийг жагсаан тавьжээ.
Өнөөдрийн байдлаар 46 мянган иргэн ажлын байргүй болсон гэдэг тоон судалгаа гарсан байна.
Тус жагсаалыг үндсэн гурван шаардлага, зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. Үүнд:
-Төр, хувийн хэвшил эдийн засгийн хямралыг хамтын хүчээр даван туулах,
-Эдийн засгийн эрчимжүүлэх төлөвлөгөө тооцоо хийх түр хороо байгуулах,
-Хувийн хэвшил ААН, мэргэжлийн холбоод эвлэлдэн нэгдэх гэсэн гурван шаардлага тавьж байгаа юм.
Уг жагсаалын талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ “Ажлын байргүй болсон иргэдийн дунд үүсээд байгаа асуудлын нэг бол зээл төлөх юм. Үүн дээр төр болон хувийн хэвшлүүд хоорондоо хамтран маш энгийн ойлгомжтойгоор нэг шийдэлд хүрмээр байна. Тооцоо судалгааг нь бид гаргаж байсан. Үүн дээр үндэслээд хамтдаа эдийн засгийн хүнд цаг үеийг даван туулах арга шийдлийг гаргамаар байна.
Хамгийн их эрсдэлтэй байгаа салбар бол аялал жуучлалын салбар бөгөөд эргээд хамгийн богино хугацаанд эдийн засаг нь өсөх боломжтой. Энэ цар тахлын хугацааг ашиглан дотоодын аялал жуучлалаа хэрхэн хөгжүүлж болох талаар судалж, сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн урт хугацаанд эдийн засгийн хямрал үүсэхээс сэргийлж төр болон хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай.
Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг төр болон хувийн хэвшлийнхэн ойлгож байгаа мөртлөө шийдвэр гаргах нь удаан байна. Оновчтой биш нэг ойлголцолд хүрэхгүй, буруу зөрүү тайлбарласнаас болж цаг алдаад байна. Цаг алдах тусам минут тутамд нэг ажлын байр үгүй болж байна. Ажилгүйдэл их болбол байдал улам хүндэрнэ. Харамч хүн хоёр төлнө шүү. Тийм болохоор одооноос бүгдээрээ оновчтой арга хэмжээг хамтдаа авч ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэв.
“Санхүүгийн гол эх үүсвэрүүдийг дэмжин ажиллах хэрэгтэй байна. Одоо улирлын шинжтэй ажил эхлэхтэй холбоотойгоор барилга, уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудаа бодиттойгоор дэмжих шаардлагатай. Эдийн засгийн оновчтой арга хэмжээ авахгүй бол бидний тооцоолсноор бол энэ оны тав, зургадугаар сард 250 мянган хүн ажлын байргүй болно. Ядууралд нэг сая 500 мянган орчим хүн шилжинэ гэсэн тооцоо гарсан.
Эдгээр иргэд ажлын байргүй болбол нийгэмд хүндрэл үүснэ. Харин одоо эрсдэлийг зөв тооцоолж тодорхой арга хэмжээ авмаар байна. Гадаадын улс орнууд бол санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлаж хэрэглээг дэмжих аргаар шууд бэлэн мөнгө тарааж байна. Ажлын байргүй болсон иргэдийн хувьд хэцүү байгаа. Нэмж ажилгүйдлийг бий болгохгүйн тулд төр засаг анхааран ажиллах шаардлагатай байна” гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.
Мөн энэ өдөр дэлхий нийтээр олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэдэг.
Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ.
Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны 5 дугаарын сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд уриалж байна.