“Капитал” банкны эрх хүлээн авагчдын эсрэг прокурорын байгууллагаас гомдол гаргаж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 240 гаруй тэрбум төгрөгийг бусад төлбөрөөс урьтаж авахаар нэхэмжилжээ. Банкны тухай хуулийн 73.1-т Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах дарааллыг тогтоосон байдаг бөгөөд түүнд зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийг эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардлаас ч хойш төлүүлэхээр тусгасан. Нийгмийн даатгалын сангийн 100 гаруй, Эрүүл мэндийн даатгалын сангийн 130 орчим тэрбум төгрөг нь хуульд зааснаар даатгагдаагүй хадгаламж аж. Тиймээс төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс эрх хүлээн авагчдын үйл ажиллагааны зардлаас ч урьтаж авахын тулд ийнхүү нэхэмжлэл гаргасан юм байна. Үүнийх нь дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг нээн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Ташрамд дурдахад, НДЕГ-аас нэхэмжлэл гаргаж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэхэмжлэн Захиргааны хэргийн шүүхээр шийдвэр гаргуулсан бөгөөд энэ үеэр “Капитал” банкны эрх хүлээн авагчдын төлөөлөл “Банкны хөрөнгө 210 гаруй тэрбум төгрөг байгаа ч ямар нэгэн хөдөлгөөнгүйгээр прокурорын шийдвэрээр зогсоон битүүмжилсэн” хэмээж байв. Харин АТГ-ынхан “Капитал” банкны удирдлагад холбогдох хэрэгт Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх чиглэлээр банкны болон эзэмшигчийнх нь нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаануудыг битүүмжлээд байгаа хэмээн мэдээлсэн.
Прокурор, мөрдөн байцаах байгууллагаас ийм арга хэмжээ авсныг эдийн засаг, банкны салбарын цөөнгүй хүн сайшааж буй. Учир нь өмнө нь дампуурч, эрх хүлээн авагч томилогдож байсан “Анод”, “Зоос” зэрэг банкны хөрөнгүүд эрх хүлээн авагчийн хариуцлагагүй үйлдлээс болж сураггүй болж, нөхөн төлөгдсөн нь цөөн байдаг аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа