АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн багагүй хөөцөлдөж байж өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын гишүүн Л.Энхболдод прокурорын яллах дүгнэлтийг нь танилцуулжээ. Хууль сахиулах байгууллагаас түүний утсаар холбогдох оролдлого хийж, Төрийн ордонд албан өрөөнд нь очиж уг дүгнэлтийг танилцуулахаар хандаж байсан ч утсаа авдаггүй, өрөөндөө байхгүй, нэлээд зугтсан гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж байх үеэр нь уулзаж танилцуулсан сурагтай. Уг нь тэрбээр 2019 оны нэгдүгээр сард бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр “Мөрдөн байцаалтад саад болоогүй. ЖДҮХС-гаас зээл авсан компанийнхныг би танихгүй. Хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь ч мэдэхгүй” хэмээж байсан билээ. Харин шалгалтын явцад Л.Энхболд “Х тайлантай байсан, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь, тэрбээр ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, охиныхоо нэр дээр бүртгэлтэй, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх, өөрийнхөө бусдад тавьсан өр төлбөрт зориулсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа