Тагнуулын ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Гэрэл, түүний хүүтэй холбоотой, түүндээ эрдэн хууль зөрчиж байгаа хэмээн зарим мэдээллийн хэрэгсэл онцолж буй “Пентатерра” ХХК-ийнхныг олж уулзав. Тус компанийн хуулийн зөвлөх Б.Батхуягтай өрнөөд буй үйл явдлын талаар ярилцлаа.
-“Пентатерра” гэдэг компани Г.Аранзал гэдэг хүний эзэмшилд үнэхээр очсон юм уу. Эсвэл бизнесийн өөр гэрээ, хэлцэлтэй холбоотойгоор хамтарч ажиллаж байна уу гэдэгт тайлбар өгөөч.
-Уг нь Г.Аранзалтай төдийлөн хамааруулаад байх компани биш л дээ. Хэрхэн холбогдсон талаар тайлбарлаж өгье. “Пентатерра” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь “Тайхаржин транс” гэж тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж бий. Энэ компани нь “Монгол алтан минт” ХХК-ийн эзэмшлийнх. Бүр ойлгомжтой тайлбарлавал, “Пентатерра” ХХК-ийн шууд өмчлөгч нь Г.Аранзал огт биш гэсэн үг. 2019 оны хоёрдугаар сард Г.Аранзалын нэр дээр хувьцаагаа өгсөн шалтгаан нь үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, мөнгөө өгөх баталгаа болгож, дэнчин хэлбэрээр түр шилжүүлсэн юм. Өр төлбөр дуусахаар буцааж авах учиртай. Гэвч янз бүрийн хэл ам гараад буй учраас “Монгол алтан минт”-ийн удирдлага хувьцаагаа буцааж авахаар ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл, итгэлцэл дээр тогтож байсан бизнесийн үйл ажиллагаа иймэрхүү нөхцөлөөс шалтгаалж хүнд байдалд орж, болихоор шийдсэн. Энэ мэтээр сөрөг үр дагаварууд гарч ирэх боллоо.
-Энэ компанийн үйл ажиллагаа хэзээ эхлэв. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө хэдийд авсан юм бол?
-“Пентатерра” компани 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан байдаг. 63 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсныхаа 23-т нь л үйл ажиллагаа явуулдаг, үлдсэн нь байгалийнхаа унаган төрхөөр байгаа. Бид аж ахуйн нэгжүүдийн ухаж байгаад орхисон талбай руу эрсдэл үүрээд орсон.
Манай “Монгол алтан минт” компани 2019 онд уг компанийг шилжүүлж авсан юм. 2016-2018 онд “Пентатерра” компани маргаан, дуулиан дагуулаад буй тусгай зөвшөөрөлтэй талбайдаа үйл ажиллагаа явуулж, алт олборлон тушааж байсан юм билээ. 2018 оны долдугаар сард мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгахад овоолго нь “Урт нэртэй хууль”-д хамаарах ёстой зай хэмжээнээсээ хэтэрсэн байна гээд зөрчлөө арилгах шаардлага өгч, үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Бид 2019 онд эл компанийг авсныхаа дараа үүнийгээ шийдэж өгөөч хэмээн өмнөх удирдлагад нь хандаж байсан ч “Шийднэ” гэчихээд ямар нэг арга хэмжээ авалгүй өнгөрсөн. Тиймээс бид мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд дурдсан засаж, сайжруулах ёстой зүйлсээ янзалж, зөрчлүүдээ бүгдийг нь арилгасан. Улмаар 2019 онд дахин нарийвчилсан хайгуул хийж байтал хөдөлмөрийн аюулгүй байдлаа тодорхой хэмжээнд сахиагүйгээс харамсалтай осол болж, хүний амь үрэгдсэн юм. Ингээд мэргэжлийн хяналтын байгууллагаас манай компанийн хайгуулын үйл ажиллагааг түдгэлзүүлэх шаардлага өгсний дагуу бид зогсоосон.
-Өнгөрсөн жил танай ажилчин хөрсний овоолго зөөж тээвэрлэн өмнө ашиглаж байсан талбайн ухсан нүхийг дүүргэж байхдаа осолдож амиа алдсан нь тэр үедээ олны анхаарал татаж байсан. Уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн юм бол. Түүнээс болж “Пентатерра” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байдаг шүү дээ.
-Хүн эндсэнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүх хурал болж, хэргийг шийдвэрлэсэн. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэн учраа ололцоод явж байгаа. Тухайн үед онцгой байдлын албаны аврагчид талийгаачийн цогцсыг гаргахын тулд өмнөх жилүүдэд уурхайн үйл ажиллагааны улмаас үүссэн цөөрмийн усыг шахуургаар соруулан гол руу урсгаж байж аврах ажиллагаа явуулсан шүү дээ. Тухайн үед энэ ослын талаар хэвлэлээр багагүй мэдээлж байв. 2019 оны энэ золгүй явдлаас хойш манай компани мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлагад дурдсан бүх зүйлийг засаж, сайжруулан биелүүлээд үйл ажиллагаагаа сэргээхээр бэлдээд байгаа. Уг нь бид АМГТГ, МХЕГ, БОАЖЯ гээд холбогдох бүх л байгууллагад гаргаж өгөх ёстой бичиг баримтуудаа хүргүүлж, хууль журмын дагуу төлөх ёстой төлбөрөө төлдөг. Хэдийгээр тогтмол үйл ажиллагаа явуулаагүй ч ус ашигласны, газрын хэвлийн зэрэг төлбөрөө төлөөд л яваа. Бид 2019 онд л гэхэд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст 117 сая төгрөг төлсөн. Тухайн онд тогтмол үйл ажиллагаа явуулаагүй гээд төлбөрөө төлөхгүй байх боломжтой ч бид хууль, дүрэм, журмын дагуу л төлсөөр яваа.
Манай компани нийт 200 гаруй хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг жирийн л аж ахуйн нэгж. Чамлахааргүй хэмжээний хайгуулын зардал дахин гаргаж, тусгай зөвшөөрөлтэй талбайдаа нөөцөө шинэчлэн тогтоогоод, дахин ТЭЗҮ, нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэх мэтээр хууль, дүрэм, журмын дагуу бэлтгэлээ л базааж байгаа.
-Г.Аранзал гэдэг хүнтэй хамааралгүй гэдгээ дээр тайлбарлалаа. Бас таны ярианаас сонсоход ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг уг албан тушаалд томилогдохоос өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихсан байсан гэж ойлгогдож байна. Зөв үү?
-Тийм ээ. “Пентатерра” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2016 онд авсан. Энэ компани тухайн үед бидэнд ч, Г.Аранзалд ч огт хамааралгүй, хөндлөнгийн хүмүүсийн эзэмшилд байсан. Манайхтай холбоод байгаа хүмүүс энэ хугацаанд нэг ч удаа ирж бидний үйл ажиллагаанд оролцоогүй, заавар зөвлөгөө, үүрэг ч өгч байгаагүй шүү дээ.
-Чухам яагаад энэ хүмүүстэй танай компанийг холбоод байгаа юм бол?
-Манай компанийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засаг, ашиг сонирхлоор огт хамааралгүй төрийн өндөр албан тушаалтныг “Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа алтны компанитай” хэмээн олон нийтэд зарлаж, тухайн хүний болон бидний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Түүгээр ч зогсохгүй “Пентатерра” компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод Сэлэнгэ аймгийн Баянгол сумын II багийн нутаг дахь Нарангийн гол ширгэсэн мэтээр мэдээлж буй нь манай хамт олон, ажилтан, ажиллагсдын нэр хүндийг ч сэвтээлээ. Компанийнхаа үйл ажиллагааг жигдрүүлэх, ажилчдаа цалинтай, орлоготой, ирээдүйтэй байлгах, цар тахал дэгдэж, эдийн засаг хямарсан энэ үед яаж боловсон хүчнээ тогтоож үлдээх үү гэх зэргээр хийх зүйл олон. Тиймээс даарин дээр давс нэмэхгүйгээр байдлыг харзнаж байгаа. Гэтэл сүүлийн үед цахим хуудсаар нийгэмд буруу, ташаа мэдээлэл түгээж, сенсаацалж байна. Бид уг нь УБЕГ-аас “Пентатерра” компани Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй гэдэг ойлголт, тодорхой мэдээлэл өгч, асуудал намжих байх хэмээн хүлээж байсан ч өнөөдрийг хүртэл ийм алхам хийсэнгүй. Тиймээс сурвалжлагч таны хүсэлтийг хүлээн авч тайлбар өгөх нь зүйтэй гэж манай компанийн удирдлага үзсэн юм. Зарим цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнээс харахад чиглэл нь ч өөр болоод байна л даа. Манай компаниар дөрөөлж, дараагийн хүн рүү чиглэх боллоо. Тиймээс бид албан ёсоор тайлбар хийж, цаашлаад хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд үнэн, зөв мэдээлэл өгнө гэсэн байр суурьтай байгаа.
Хүнийг харлуулж, улс төр хийхийн тулд манай компани, энд ажиллаж байгаа жирийн ажилтнуудын нэр хүндийг унагаж буй нь үнэхээр харамсмаар. Мөн манай компанитай холбож, ажлаа хийж байгаа төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж байгаад бид харамсаж байна. Түүнчлэн тухайн хүнтэй холбож манай компанийг гүтгээд буйд нь гомдолтой л сууна. Хариуцлагатайгаар хэлье. “Пентатера” ХХК нь Д.Гэрэл гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. Гэтэл 45 нас хүрсэн, 20 гаруй жил үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эрхэлж байгаа хүний амьдрал эцэг, эхийнхээсээ тусдаа болчихсон байгаа биз дээ. ХАСХОМ-тээ мэдүүлээгүй хэмээн хүмүүсийг төөрөгдүүлээд байх юм. Хуулийг нь үзэхээр шал өөр, тухайн ам бүлд амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхийг бүртгүүлэхээр тусгасан байдаг. Өрх толгойлон тусдаа гарсан хүний хөрөнгийг мэдүүлэхгүй байхаар хуульчилсан юм билээ.
-Танай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод гол ус ширгэж, байгаль дэлхий сүйдээд байгаа юм биш үү. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Зөвхөн манай компани үйл ажиллагаа явуулснаас болж энэ гол ширгээд байгаа гэдэг нь үндэслэлгүй. Тус багийн нутаг дахь Нарангийн голын хөндийд нийт 20 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. 2020 оноос өмнө тэнд ажиллаж, алт олборлосон нинжа нар ч, аж ахуйн нэгжүүд ч бий. Гэтэл тэднийг огт дурдахгүй атлаа зөвхөн манай “Пентатерра” компани руу дайрч байгаа нь хачирхалтай. Манай компанийн эзэмшиж буй талбайн эргэн тойронд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй олон аж ахуйн нэгж ажиллаж байна. Тэдний дунд Хятадын хөрөнгө оруулалттай компани ч нөхөрлөл нэрийн доор ажиллаж байгаа, бас өөр нэг компани ямар ч тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байхад түүнийг огт ярьдаггүй. Алт угаах буу www.zarig.mn сайтынхныг газар дээр нь очиход нүдэн дээр нь ажиллаж байхад л ярихгүй өнгөрдөг.
-Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахгүй байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Нэр дурдсан сайтын сурвалжлагч нар өвөл газар дээр нь очиж мэдээлэл бэлтгэснийг бид харсан л даа. Тэгэхэд манай компанийн эзэмшлийн талбайд бус, өөр газарт зогсож байгаад live хийж байв. Манайх үйл ажиллагаа явуулаагүй, өөр аж ахуйн нэгж ажиллаж байхад “Пентатерра” ХХК ажиллаж байна гэх мэтээр мэдээлсэн ч МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас тус сайтын сурвалжлагч уржигдар ярилцлага авахад ч “2018, 2019 онд үйл ажиллагааг нь зогсоох чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор “Пентатерра” ХХК үйл ажиллагаа явуулаагүй” гэж хэлсэн. Бид тухайн онуудад үнэхээр үйл ажиллагаа явуулаагүй. Эхний удаад олборлолтын үйл ажиллагааг зогсоосон. Дараа онд нь хайгуулынхыг зогсоочихсон. Бид хууль бусаар үйл ажиллагаа явуулаагүй. Зөрчлөө арилга гээд л зогсоосон юм шүү дээ, уг нь. Аймаг, сум, багаас нь 2018, 2019 онд манай компанийг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг ч холбогдох байгууллагад нь албан бичгээр мэдэгдсэн байсан. Манай компани хуульд заасан, холбогдох байгууллагаас авах ёстой гэж шаардсан бүх бичиг баримтаа авсан, мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг маань сэргээх зөвшөөрөл олговол ажлаа эхлэхэд бэлэн.
Гэтэл тус сайтынхан тэнцвэргүй, хэт нэг талыг барьсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж байгаа юм. МХЕГ-аас тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар АМГТГ, БОАЖЯ-нд хүргүүлсэн боловч шийдэхгүй байна хэмээн дээрх сайтын сэтгүүлч ярьж байна лээ. Манай лицензийг цуцлуулахаар нэг ч албан тоот холбогдох байгууллагад хүргүүлээгүй. Бид бүх ажлаа хууль, дүрэм, журмын дагуу л хийж байгаа.
-Голын усыг боочихоод өвөл нууцаар ажиллаагүй гэж үү?
-Үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Орон нутгийн иргэд, холбогдох байгууллагынхнаас ч тайлбар, ярилцлага авч болно шүү дээ Баянгол сумын Баян буюу хоёрдугаар багийн, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй нутгийн иргэдээс ярилцлага аваагүй нь харамсалтай. Бид уг нь тухайн нутагт амьдарч буй малчидтайгаа маш ойрхон харилцаатай ажиллаж, сүү, тараг, махыг нь худалдан авч, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, бид Нарангийн голын хоёр эрэгт өвөлжөө, зуслантай малчин айлынхны хүсэлтээр хоолой байршуулан голд нь гарам хийж өгсөн. Гэтэл түүнийг www.zarig.mn сайтынхан өнгөрсөн долоо хоногт мэдээ бэлтгэж гаргахдаа голын усыг боосон хэмээн ташаа мэдээлэл цацсан. Тэр гарам нь манай тусгай зөвшөөрөлтэй талбайд огт хамааралгүй, зайтай газарт оршдог. Бас манай талбайн цаахна талд Нарангийн гол урсаж байхад түүнийг нь авалгүй, ус нь шургасан хэсгийн зургийг авч мэдээлэл бэлтгэсэн нь харамсалтай. Болж буй үйл явдалтай холбоотойгоор ийм л тайлбар өгье. Эцэст нь хэлэхэд,“Пентатерра” ХХК-ийн үйл ажиллагаа нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл, түүний хүү Г.Аранзал нартай ч огт хамааралгүй гэдгийг дахин тодотгоё. Мөн “Пентатерра” компанийн үйл ажиллагаанаас болж ТЕГ-ын дарга Д.Гэрэл гэдэг хүний нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад харамсаж буйгаа илэрхийлэн манай компанийн зүгээс хүлцэл өчье.
Бэлтгэсэн: Г.Орчлон