Бөх хүн бүдүүн өвсөнд гэх хэлцийг Монгол хэлний их тайлбар тольд “алдах, унах амархан” хэмээн тайлбарлажээ. Эндээс хэн нэг бөхийн талаар бичих гэж буйг минь гадарласан болов уу. Улсын харцага Г.Ганхуяг Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд зургаа даван Монгол Улсын өсөх идэр начин цол хүртсэн. Мөн 2004 оны Улсын баяр наадмаар тав даван шөвгөрч, харцага цол нэмсэн байдаг. Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд зургаа даван, үнэн зоригт чимэгтэй болсон. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, алдар цуутай түүнийг тойрсон хэл ам сүүлийн жилүүдэд тасрахаа болив. Г.Ганхуягийн үйлдлийг зарим хүн монгол бөхийн босоо цагаан хийморийг гутаасан хэмээн үзэл, бодлоо илэрхийлсэн бол өөр нэг нь өнгөндөө эх нутаг, элгэн түмэн гэх авч далдуураа бол эд мөнгө, эрх мэдэлд шунасан хэмээн шүүмжилж байна.
Тодруулбал, Г.Ганхуяг “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагыг тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд уран сайхан барилдаж, бөх сонирхогчдын хүндэтгэлийг хүлээх гэхээсээ илүүтэй энд тэнд агсам тавьж, элдэв хэрэгт орооцолдож, олны анхааралд муугаар өртөх болов. Дээрх мэдээллийн зарим нь ч оргүй биш аж. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр нийслэлийн Давж заалдах шатны Эрүүгийн шүүх хурлын I танхимд болсон юм. Г.Ганхуяг нь 2019 оны дөрөвдүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумд үйл ажиллагаа явуулдаг “Эко хэлхээ” ХХК-ийн ерөнхий захирлаас 30 сая төгрөг авсан гэнэ. Тэрбээр тус компанийн буруутай үйл ажиллагаанаас байгаль орчин бохирдсон гэх бичлэгийг гартаа оруулж, түүнийгээ бусдад тараана хэмээн захирлыг нь сүрдүүлсэн аж. Үүнээс гадна “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг нэр бүхий иргэнд тулгаж, “Хэрэв зөвшөөрөхгүй бол хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар болохуйц баримт, мэдээллийг цахимаар тараана” гэж сүрдүүлэн, эд хөрөнгөө шилжүүлэхийг шаардсан хэрэгт холбогджээ. Тиймээс үндсэрхэг үзэлтэй харцагыг үйл хэргээсээ ухарч, өнгө мөнгө олох зорилготой болсон гэж хардах хүн ч байна.
Мөн улсын харцага өөрийн “Ганзоригийн Ганхуяг” гэх фэйсбүүк хаягаар дамжуулан хэд хэдэн иргэнийг бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдээлэл цацаж, олон мянган хүнд тараажээ. Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан хүмүүсийн нэг нь “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг аж. Ч.Ганхуяг өөрийн цахим хуудсаар дамжуулан түүнийг эл үйлдлийнх нь төлөө шүүх, хуулийн байгуулагад өгөхөө мэдэгдсэн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст хандаж, шалгуулах хүсэлт гаргажээ. Мөн Ч.Ганхуяг “Нацист үзэлтнүүд эх орноороо бахархах нэрийдлээр хэн нэгнийг өөрөөсөө дорд үздэг. Энэ үзлийг Монголд дэлгэрүүлэх нь хортой. Залуус дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаж байгаа эрин үе. Эх оронч үзэл гэж гадаадынхныг дорд үзсэн, ялгаварласан, бүдүүлэг, дээрэнгүй авирлахыг хэлдэггүй. Би ч монгол хүн. Эх орондоо хайртай. Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархдаг. Гэхдээ бусад үндэстэн ямар нэгэн байдлаар биднээс сул дорой, төрөлхийн гажиг гэх зэргээр хандахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм үзэлтэй нөхдийг нацист гэдэг” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.
Улсын харцага Г.Ганхуяг коронавирусийн халдвар авсан Францын иргэнийг шатаахыг шаардсан мэдээллийг олон нийтэд түгээж, “Францын Засгийн газар, Монгол дахь Элчин сайдын яамныхан Монголын ард түмнээс уучлалт гуй. Ядруу эдийн засагтай манай улсаас гарч байгаа бүх зардлыг төл. Эмзэг бүлгийнхэнд хүнс, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бүтээгдэхүүний дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг шаардаж байна” гэх мэдээллийг оруулсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.
Нийслэлийн Прокурорын газраас Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 17.6-1 болон 14.1-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг өнгөрсөн сарын 17-нд хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн аж. Уг эсэргүүцэлд “Бүрдүүлсэн нотлох баримт, түүгээр батлагдаж буй хэсэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх байсан. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх, яллах талын яллаж буй байр суурийг няцаасан шийдвэрийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-11-т заасанчлан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн хязгаарыг зөрчсөн гэж үзнэ” хэмээн бичжээ. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гуравдугаар сарын 17-ны 624 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-2-т заасныг удирдлага болгон нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэн аж. Давж заалдах шатны шүүх өчигдөр эл хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийдвэрлэжээ. Тодруулбал, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зөв гэж үзэв.
Улсын харцага Г.Ганхуяг “Улс эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө бурууд ташуур, зөвд дэм болж ажиллана. Цаг үеийн шаардлагаар бие биедээ итгэж эвсэж нэгдсэн биднийг зарим хүн “дээрэмчин, рекетчин, эрүүгийн элементүүд” гэдэг. Энэ буруу ойлголтыг залруулж, монгол бөхийн адил хүндлэгдэх түвшинд хүргэнэ” гэж байсан. Гэвч түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл зөрж, шүүх, цагдаад дуудагдан хөгөө чирж эхлэв. Өөрөөр хэлбэл, тэрбээр хууль бус явдалтай хуулийн дагуу тэмцэх бус, айлган сүрдүүлэх замаар мөнгө авч, хонжоо харсан нь эцэстээ шүүхэд дуудагдах хэмжээнд хүрчээ. Товчхондоо, Ерөнхийлөгчийн зарлигаар авсан харцага нэрээ гутааж, өөртэй нь байнга хамт явдаг бөхийн нэр хүндээ шороотой хутгалаа.
Бэлтгэсэн: В.Пүрэв