"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг өнгөрөгч Бямба гаригт прокурорын захирамжийн дагуу цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.04.15/ Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол /,11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 / 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар Г.Загдааг 2020 оны дөрөв дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжид яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан юм. Ингэхдээ тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 8.30 минутад товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.