Манай улсад мөнгө угаасан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсээр байна. ОХУ-ын иргэн А.В.Самохин манай улсад Киприйн хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компани байгуулан маш их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шалгуулж буй талаар бид энэ сарын 2-ны дугаартаа мэдээлсэн билээ. Тэрбээр 2015-2019 онд оффшор бүсээр дамжуулан 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авч, шилжүүлэн 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь шалгалтын явцад тодорхой болж, манай улсаас гарахыг нь хориглон шалгаж буй юм. Тэгвэл мөнгө угаасан байж болзошгүй гадаадын өөр нэг иргэнийг шалгаж эхэлсэн нь Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Подлеснижс Игорс аж. Тэрбээр манай улсад барилгын материал, гадаад худалдааны АБА хэмээх компани байгуулж, ОХУ, Турк, Эстони, Арабын Нэгдсэн Эмират Улсаас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө шилжүүлэн авч, арилжааны банкуудад байршуулж байгаад “зүсийг нь хувирган” мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогджээ.
Хууль бус мөнгөний эх үүсвэр нь биткойнтой холбоотой байх магадлалтай бөгөөд хэд хэдэн улсаар дамжуулан гарал үүслийг нь өөрчлөх явцдаа манай цагдаагийнхны хараанд өртсөн гэнэ. Монголд төвлөрүүлсэн түүний мөнгийг нь хууль хяналтын байгууллагынхны шийдвэрээр банкуудад царцаачихаад байгааг эх сурвалжууд мэдээллээ. Банкны, нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтнуудын өгүүлснээр, АБА компанийн данс дахь 10 орчим тэрбум төгрөгийг одоогоор царцаасан гэнэ. Гэвч уг мөнгийг манай банкуудаас гаргуулан авахын тулд гадаадын иргэд нөлөөлөхийг оролдож байгаа гэсэн мэдээлэл ч бидэнд ирсэн юм. ОХУ болон Латви улсын иргэд хоорондоо холбоотой, гадаадын гэмт бүлэглэлийн хууль бусаар олж авсан орлогыг Монголд угаах ажиллагааг зохион байгуулж байв уу гэх хардлага төрүүлж буй. Үүнийг хууль сахиулагчид нарийвчлан шалгах биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа