Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар өчигдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ.
Дээрх хоёр хүн болон шүүгдэгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр, О.Бямбажавын өмгөөлөгч нар Дээд шүүхийн шүүгчийн өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 40.2-6 дахь хэсэгт “Энэ зүйлийн тав дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийнх байна” гэснийг үндэслэн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн юм. Уг нь Улсын дээд шүүхийн шүүгч өнгөрсөн хоёрдугаар сард тэдэнд холбогдох хэргийг хянаад тус шүүхээр хэлэлцэх шаардлагагүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн байсан юм.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүч хэрэглэн хэрэг хүлээлгэсэн хэмээн дээрх есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны наймдугаар сард зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Үүнийг нь улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 9-нд уг хэргийг хянаад прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Харин шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид уг магадлалыг хянуулахаар Дээд шүүхэд хандсаныг ийнхүү шийдвэрлэлээ. Ингэснээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гэм буруутай, эсэхийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо.