Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хилийн зарим боомтыг хааж, зорчигч тээврийн урсгалыг зогсоогоод буй. Харин ачаа, тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа билээ. Үүнийг далимдуулан транзит тээврийн хэрэгслийн жолооч нар хориглосон бараа, бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, манай улсын иргэн П өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор их хэмжээний алт гаргах гэж байсныг гаалийн улсын байцаагч илрүүлэв. “Хово” загварын, 22-38 ДГС улсын дугаартай, хүнд даацын машины жолооч тэрбээр хилээр өмнөд хөрш рүү гарах гэж байхдаа хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуусан байжээ. Гаалийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, үргэлжлүүлэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэв.