Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг бусдаас хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан өнгөрсөн пүрэв гаргийн үдэш АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг цагдан хорьсон юм. Үүнээсээ өмнө нь гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний төгрөг, 10 000 ам.доллар хураасан аж. Төгрөгийн хэмжээг эх сурвалжууд янз бүрээр хэлж буй бөгөөд зарим нь 85 сая гэсэн бол өөр нэг нь 65 сая хэмээсэн.
Хууль хяналтын байгууллагынхан “Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тодорхой хэмжээний мөнгө, валют хурааж, бусдаас хахууль авсан үйлдэлд холбогдуулан цагдан хорьсон нь үнэн” гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророор дамжуулан яллагдагчаар тооцон цагдан хорих хүсэлт хүргүүлсэн байна. Түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад бусдаас хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцож, 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж гаргажээ. Татварын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр Б.Батсүх нь хэд хоногийн өмнөөс тодорхой шалтгаангүйгээр ажилдаа ирэхээ больж, улмаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан гэнэ. Хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа актаар тогтоогдсон татварын хэмжээг багасгаж хахууль авсан, ингэхийн тулд компаниудын удирдлагыг шантаажилсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа