Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн баасан гарагт “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 30 хоногийн хугацаанд цагдан хорихоор болсон билээ. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. Х.Бат-Ялалтыг өнгөрсөн баасан гарагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу аваачихаар болоход шүүхийн гадна зарим хүн ёс зүйгүй авирлаж, хуяглан хүргэж буй автомашины өмнүүр орж хэвтэх зэрэг үйлдэл гаргасан. Харин үүний дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Х.Бат-Ялалт хоригдоод байгаа юм байна. Бусдаас мөнгө авч хоёр эмэгтэйг зэрэг хөнтөрснөө тайлбарласан нь дээр дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Уг нь Х.Бат-Ялалтад хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулах явцад энэ сарын 11, 13, 17-нд прокуророос хэргийн материал танилцуулах зорилгоор түүнд мэдэгдэх хуудас хүргүүлж, дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй юм байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.4-т заасан “Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэснийг үндэслэн цагдан хорьсон юм. Уг захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Бат-Ялалт, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд гуравдугаар сарын 27-ны 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа