Колумбийн хар тамхины зартай гэмт хэрэгтэн Пабло Эскобарын хувийн хөлсний алуурчин Жон Хайро Веласкес хорт хавдрын улмаас нас баржээ. Тэрбээр 300 хүн хөнөөснөө, 3000 хүний амь хорооход оролцсоноо хүлээж, 24 жил шоронд суусан аж. 2014 онд хугацаанаасаа өмнө суллагдан YouTube-д идэвхтэй “ажиллаж”, тэнд “одын” статустай болсон байв. Веласкесийн өөрийнх нь ярьснаар бол Колумбийн цагдаагийн академи төгсөөд нэг сар болж байхдаа Эскобартай танилцжээ. Тэгэхэд 17 настай байсан, автомат буу биедээ авч явах тусгай зөвшөөрөлтэй мань хууль сахиулагч хар тамхины зартай наймаачны нөлөөнд автаж, Медельиний кокаин үйлдвэрлэгчдийн толгойлогчийн хувийн бие хамгаалагч нь болсон аж. Анхны захиалгаа Эскобар 30 мянган ам.доллароор үнэлж гарыг нь цайлгасан нь залуу хүний хувьд барж идэхгүй их мөнгө байв. Хийж байгаа “ажилдаа” эргэлзэж тээнэгэлзэх, гэмшин харамсах юм ер байгаагүйгээ Веласкес хожим нь хүлээн зөвшөөрсөн байдаг. “Би мэргэжлийн алуурчин байсан хүн. Бусдын амьдралыг хөнөөж байхдаа толгойд юу ч бодогдоогүй. Ичиж, харамсах, гуниглах зүйл байсангүй. Баяр баясгалан ч байгаагүй.
Ердөө л ноён Паблогийн албан байранд өдөр хоногоо өнгөрөөж байлаа”. 1989 онд Колумбийн “Авианка” компанийн зорчигч тээврийн Boing-727 онгоцыг сөнөөв. Түүнд нисэх багийн зургаан гишүүнээс гадна 101 хүн сууж явжээ. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй, бас дээрээс унасан онгоцны сэгэнд гурван хүн цохиулан амь үрэгдсэн байна. Веласкес 1992 онд цагдаа нарт өөрийн дураар буун өгч, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрийн эзэн байсан Эскобарын ойрын хүн Альберто Санофимиогийн эсрэг мэдүүлэг өгчээ. Веласкес үйлдсэн гэмт хэргээрээ бардаж, 200 машин дэлбэлсний, 500 цагдаа алсны хариуцлагыг өөртөө хүлээдэг байсан ч түүнийг 1989 онд Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Луис Карлос Галаны амийг хөнөөсөн хэрэгт нь л ял оноосон гэдэг. Тэгээд түүнийг 30 жил шоронд хорих шийтгэл ногдуулсан ч тэнд үлгэр жишээ байсны учир зургаан жилийн өмнө сулласан байна. Суллагдаад Веласкес ааш авираа өөрчилж, блог хөтлөхөөр шийдлээ. 2015 оны наймдугаар сард YouTube-д Popeye Arrepentido (Гэмшсэн Попай) нэрээр орж, гэмт хэрэг хийж байсан амьдралаасаа салж, хууль мөрддөг иргэн
болсноо цахимаар олон түмэнд харуулахыг хичээх болжээ. Тэрбээр энэ сувгийг ашиглан өөрийн намтраар мөнгө олох юм уу, олонд нэр алдартай болох бодолгүйгээ илэрхийлж, “Намайг тэртэй тэргүй олон түмэн мэдэх болсон. Би ердөө Колумби улсад үнэн хэрэг дээрээ чухам юу болж байсныг л хэлэхийг хүссэн юм. Би Колумбийн Засгийн газар, Венесуэлийн Засгийн газар, Дональд Трампын эсрэг тэмцэж буй хүн. Тийм болохоор холоос ажиглаад байж тэвчихгүй учраас өөрийн бодлыг хэлэх гэсэн юм. Би ердөө дуулгавартай байхыг л хүссэн” гэж хүмүүст ойлгуулжээ. Бас Медельинийн хар тамхины мафийнхны өдөөсөн дайнд амиа алдагсдын ах дүү нар, эцэг, эх цагдаагийн алба хаагчдаас уучлалт хүсэв. Эскобартай хамтран ажиллаж байсан тухай нь сонирхсон хүмүүсийн асуултад хариулахад өдөрт 14 орчим цаг зарцуулж бай
гаагаа мэдэгдсэн аж. “Энэ бол миний хувьд их эмзэг асуудал. Би тэдэнтэй нүүр нүүрээ харж уулзаад, нүд рүү нь эгц харж байгаад уучлалт хүсэж, өөрийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх нь маш чухал” гэж алуурчин асан хэлсэн байна. Колумбийн залуусыг гэмт үйл ажиллагаанд оролцохоос сэрэмжлүүлэхийг тэр хичээх болжээ. Веласкесийн нотолж буйгаар бол хүний амь хохироох тухайд Колумбийн залуусын дунд эрүүл бус шохоорхол байдаг аж. Веласкес бичлэгийнхээ чимэг болгож, бууны сум, нумын хөвчийн дуу оруулсан нь “гэмт хэргийг сурталчлах биш, залуусын анхаарлыг татахыг” зорьсон хэрэг аж. 2015 оноос түүний бичлэгийг сая гаруй хүн сонирхож, заримыг нь таван сая хүн үзжээ. Веласкес босс байсан хүнийхээ тухай ярихдаа хүндэтгэлтэй ханддагаа нуусангүй.
Харин үзэгчдийн олонх нь түүний энэ бич¬ лэгийг нэлээд эсэргүүцсэн аж. Бичлэгийг захиалагчид нь Веласкесийн мэдэгдлийг “эр зоригтой, үнэнч”, “эвийг нь олж ярих чадвар” хэмээн үзэж, түүний ярьсан зүйл нөхөрлөж явсан хуучин нөхдийнх нь дургүйг хүргэж ч болзошгүй учраас түүний зоригийг үнэлсэн байна. Веласкесийн бичлэгт өгүүлсэн зүйл түүнд нэр алдар авчрахын зэрэгцээ бас аминд нь аюул учруулж ч мэднэ гэж Алабама мужийн Бирмингем-Саутерн коллежийн профессор дүгнэсэн байна. Веласкес аюул учирч болзошгүй тохиолдолд өөртөө санаа тавих бүрэн боломжтой гэж хэлжээ. Түүний сэтгэлийг зовоож буй ганц юм нь АНУ-д аж төрж байгаа гэр бүлийнхэн нь аж. Эскобарын тушаалаар Веласкесийн дэлбэлсэн Boeing-727 онгоцонд эцэг нь амиа алдсан Гонзало Рохас алуурчин байсан этгээд олны дунд алдаршаад буйд сэтгэл нэн дундуур явдгаа үл нууна. Түүний бодлоор бол Веласкесийн YouTube суваг Медельинийн хар тамхины мафийнхны гарт амиа алдагсдыг доромжилж буй хэрэг аж. Тиймээс “Энэ бол бидний нүүр рүү нулимж байгаа үйлдэл. Тэрбээр өөрийгөө гэмт хэргийн ертөнцийн шинжээчийн дүр мэтээр харуулж байна. Бидний ойр дотно хүмүүсийн амийг хороочихоод гэмшиж байгаа шинж огт алга” гэж Рохас бичжээ. Веласкестэй холбогдох гэж Рохас оролдоход менежертэй ярь гэж “томорсон” гэнэ. “Тэр гэмт хэрэг хийснийхээ төлөө алдар цуутай болжээ” хэмээн Рохас хорсов. Веласкес ид “ажиллаж” байхдаа захиалга биелүүлснийхээ шанд нь нэг сая орчим ам.доллар авч үзжээ. Харин түүнийхээ үлэмж хэсгийг хоригдол байхдаа бусдад зарцуулахад хүрсэн аж. YouTube-ээс олж буй мөнгөө өөртөө зориулахаар шийджээ. “Энэ бол шударгаар хөдөлмөрлөсний минь үр шим, цэвэр орлого” гэж Колумбийн олон мянган хүний амьдралыг сүйтгэсэн зартай гэмт хэрэгтэн, Пабло Эскобарын хувийн алуурчин явсан эр ярьж байна.