Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзан, итгэмжлэх жуух бичгийг нь өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Тэрбээр итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ “Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад төвлөрч, суугаа улстайгаа хамтын ажиллагаагаа харилцан ашигтайгаар өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайд нараас хүсье” гэв.
Түүнчлэн Польш улсад 1000 гаруй монгол иргэн байнга оршин суудгийг дурдаад, уламжлалт анагаах ухааны салбарт нь ажиллаж байгаа 200 гаруй монгол эмчийн нийгмийн хамгаалалд анхаарч, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцааг сайжруулахыг Элчин сайд Б.Доржид чиглэл болголоо.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег улсад айлчлах үеэрээ тус улсын эрх баригчидтай уулзаж, баялгийн санг үүсгэн байгуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбар болон өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ойлголцолд хүрснийг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт сануулж, үр дүн гаргахыг чиглэл болгожээ. Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэхэд техник, технологи, ноу-хау хэрэгтэйг сануулж, суугаа улсын онцлогт тохируулан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүрэгтэй гэдгээ байнга ухамсарлах ёстой гээд Элчин сайд нарт ажлын амжилт хүслээ.
БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Британийн Лондон хот дахь Вестминстерийн их сургууль төгссөн. Олон улсын харилцааны магистр, Тэргүүн шадар дипломат цолтой аж. Тэрбээр 1989 оноос Гадаад харилцааны яаманд ажилласан бөгөөд 2000-2004, 2013-2016 онд Польшийн Варшав хот дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг алба хашжээ. Мөн 2016 оноос Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажилласан аж.
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуульд суралцаж, АНУ, Япон Улсад мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр 1987 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж, 1989-1990 онд Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, 1991-1994 онд ГХЯ-ны Ази, Африк, Европын газарт, 1995-1998 онд Вьетнам дахь ЭСЯ-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2000-2002 онд тус яаманд Хойд Америкийг (АНУ, Канад) хариуцсан ахлах мэргэжилтэн, 2002-2006 онд Канадын Оттава хот дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн дарга, зөвлөх, 2006-2008 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын захирал, 2008-2011 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2012-2015 онд БНАЛАУ-д суугаа Элчин сайд, 2015 оны зургадугаар сараас хойш ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллажээ.