“Мэндэлсэн” цагаасаа олны сонорыг мялааж, хүмүүсийн сайн мэддэг болсон “Зүүд” дуу хэрхэн бүтсэн түүхийг өгүүлье.
“Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирлаа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Амт нь алдарч, хэн ч ойлгохгүй өнгөрөх буй за
Хараацай болон нисэж чамайг дуудан дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндрөөс чамтай цуг харъя гэлээ
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй...” хэмээн эхэлдэг, “Харанга” хамтлагийн энэ дуунд хүмүүс дуртай. Энэхүү хит дууны аяыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал агсны хүү, “Харанга” хамтлагийн даралтат хөгжимчин Х.Булган агсан, шүлгийг Р.Мөнхсайхан 1993 онд зохиожээ.
Р.Мөнхсайхан “УДЭТ-т ажиллаж байхдаа “Зүүдээр аялсан гурван шөнө”, “Бардам туулай”, “Хоёр сум” жүжгээ найруулж байв. “Зүүд” бол “Зүүдээр аялсан гурван шөнө”-ийн дуу. Жүжгийн зохиол анх бичихдээ л хөгжмийг нь Х.Булганаар хийлгэхээр шийдсэн. Мөн жүжгийг илэрхийлэх дуу ч байх ёстой гэж бодсон. Бид ярилцаж, гайхамшигтай хөгжим, дууг Х.Булган зохиосон доо. Би “Харанга”-тай “Мистер Баагий” гэхчлэн хэдэн дуу хамтран бүтээсэн. Х.Булгантайгаа бусдаас илүү аминчхан найз байлаа. “Зүүд” дуу найзын минь дотоод ертөнцийг илэрхийлж чадсан гэж боддог. Ямар бадрангуй, авьяаслаг уран бүтээлч байсан гэж санана. Одоо энэ дуугаа сонсоход бидний нөхөрлөл, хамт бүтээсэн дурсамж сэргэх шиг болдог. “Зүүд”-ийн бичлэгийг УДЭТ-т хийлгэж, жүжгийн нээлтийн үеэр анхлан үзэгчдэд хүргэсэн нь тод санагдаж байна“ хэмээсэн юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Х.Булгантай “Харанга”-ыг байгуулахаас өмнө “Цирк” хамт¬лагт цуг байлаа. Х.Булган рок хөгжимд маш дуртай, мэдрэмжтэй, шинэ зүйл хийхийг хүсэж мөрөөддөг залуу байсан. Олон жил нөхөрлөсөн дөө. “Харанга” хамтлагт орох гэж байсан ч ажил, амьдралын шаардлагаар “Соёл-Эрдэнэ”-д орсон юм. Харин 1993 онд “Миний рок” тоглолтын үеэр бидэнтэй нэгдсэн. “Харанга”-д Х.Булган ирснээр манай уран бүтээлүүд шинэ шатанд гарсан. Дууны найруулгыг гурван гитартай янз янзаар хийж болох боловч даралтат хөгжим нэмэгдэхээр илүү баялаг болдог. Сонгодог рок хэлбэрийн найруулга хийх боломж бүрдсэнээр “Харанга”-ын уран бүтээл сайжирч, өөрчлөгдсөн. “Миний рок” тоглолтод түүний зохиосон “Зэрэглээ”, “Илүүдсэн дурлал” зэрэг хоёр, гурван дууг толилуулсан. Сонсогчид Х.Булганы уран бүтээлээс “Зүүд” дууг илүү сайн мэддэг” гэж дурссан.
Харамсалтай нь, “Зүүд” дуу “Харанга” хамтлагийн аль ч цомогт ороогүй. Энэ талаар Ц.Энхманлай “Харанга”-ын нэг ч цомогт багтаагүй хэрнээ хүмүүсийн сайн мэддэг нэлээд олон дуу бий. Тэднийгээ нэгтгэн цомог гаргахаар ярилцаж байгаа. “Зүүд” бол тэдгээр дууны нэг. Бид Х.Булганыгаа дурсаж, уран бүтээлийг нь хүмүүст хүргэхийн тулд тоглолтдоо “Зүүд”-ийг заавал дуулдаг” гэсэн.
Гавьяат жүжигчин, тус хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн 2011 онд “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” гэсэн гурван цомгоо гаргасан юм. Түүний 11 дуутай “Тэнгэрлэг андууд” цомогт “Зүүд” багтжээ. Түүнчлэн хамтлагийнхан өнгөрсөн аравдугаар сард 30 жилийн ойдоо зориулсан “Харанга: Замд гаръя” тоглолтын үеэр Х.Булган агсныг дурсаж, “Зүүд” дуугаа мөн олны хүртээл болгосон юм.