Хүйтэн дайны эхээр Америк, ЗХУ хоёр цэрэг, дайны технологиор өрсөлдөж байх үед оросууд хүний ухамсрыг хянах арга боловсруулж, тодорхой амжилтад хүрсэн гэх мэдээллийг Тагнуулын төв газар (ТТГ)-ын ажилтнууд авчээ. Хоёр гүрний цаашдын сөргөлдөөнд энэ арга шийдвэрлэх ач холбогдолтой болох юм гэж Лэнгли (ТТГ-ын төв байр байдаг) үзээд “МК-Ультра” гэдэг нууц хөтөлбөр хэрэгжүүлэх болов. Судалгаа ганц арван жилээр зогсохгүй үргэлжилж, түүнд оролцогчид нь мансууруулах бодис, хор хэрэглэсэн аюултай туршилтад өртөж байлаа.
1953 оны арваннэгдүгээр сарын нэгэн шөнө Манхэттений долдугаар гудамжинд шил хагарах чимээ гарав. Хэдхэн агшин өнгөрөхөд Staller зочид буудлын урд зам дээр бараг нүцгэн шахам эрэгтэй хүн өндрөөс унажээ. Цагдаа нар Х давхрын нэгэн өрөөнд орвол ТТГ-ын ахлах офицер Роберт Лэшбрук байсан бөгөөд хамтран ажиллагч нь шөнө дунд цонхоор үсэрсэн гэж хэлсэн байна. Түүнийг Фрэнк Олсон гэдэг байж. Тэрбээр АНУ-ын Засгийн газарт олон жил зүтгэсэн, химийн хорт бодисын салбарын тэргүүлэх мэргэжилтэн гэгддэг байв. Түүнийг үхсэнээс хойш Америкийн тусгай албад энэ үхэлд ямар ч хамаагүй гэх дүрийг 22 жилийн туршид үзүүлж ирсэн байна.
Ф.Олсон нь ТТГ-ын нууц лабораториудад ажиллуулахаар хуваарилсан анхны эрдэмтдийн нэг байжээ. Дэлхийн II дайны үед эдгээр эрдэмтэн, судлаач дайсан этгээдийг хүчээ хуримтлуулахын эсрэг асар том үүл мэт болгож ашиглах, хүмүүсийг ганц нэгээр нь нууцаар устгахад хэрэглэх зэрэг биологийн янз бүрийн зэвсэг боловсруулдаг байв. Хордуулагч бодисуудыг сахал хусахын өмнө түрхдэг хөөс, шумуулаас хамгаалах түрхлэг, багтраа өвчний үед хэрэглэх эм маягаар савлана. Хор гарган агшин зуурт үхэлд хүргэх асаагуур, арьсанд хүрмэгцээ амьсгал хураалгах уруулын будаг ч бий болгосон аж. Энэ бүхнийг харх, хулгана дээр төдийгүй дээд төрөлтөн дээр ч туршиж байв.
Хилийн чанадад (түүний дотор Германд) тусгай албадын шоронгуудад туршилт хийх хүмүүс эрдэмтдэд зовлонгүй олдоно. Тэд нь ихэнхдээ тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс юм уу, гадаадын тагнуулууд байх. Ф.Олсон ховс, цахилгаан, мансууруулах бодис зэргийг ашиглан хүмүүсийг тамлах олон туршилтыг нүдээр үзэж, үүнийхээ улмаас ажлаа орхих талаар ч бодох болсон байна.
ТТГ-ын нууц байгууллагууд дэлхий даяар тархаж байрласан ч химичдийн ажлын үндсэн байр нь Вашингтоноос 100 орчим километр зайд, АНУ-ын төв нутгийн Форт-Детрик гэдэг цэргийн хотхонд байдаг байлаа. Тэнд эрдэнэ шишийн ургацад нөлөөлдгөөс эхлээд эбола вирус хүртэлх төрөл бүрийн өвчинтэй эрдэмтэд тэмцэж байдаг тэргүүлэх биолабораторийн нэг нь байдаг юм.
Форт-Детрикт хийж буй бүхнийг бусдын нүднээс нуух зайлшгүй шаардлагатай байв. Бөөнөөр хорих лагерьт лабораторид ажиллаж байсан туршлагатай, АНУ-д авчирсан Германы эрдэмтэд энд хүмүүс дээр туршилт хийнэ. Тэдний үйлдэж буй гэмт хэргийг Америкт төдийгүй дэлхий дахинд нүдээ аньж өнгөрөөнө. Нацистын судлаачдын ажлын үр дүнг хэрэглэгч нь ганц АНУ ч байсан юм биш.
1953 он болоход Америкийн тагнуулчид химийн болон биологийн зэвсэгт санаа тавиад зогсохоо больсон, атомын бөмбөг гэгчийг эрчимтэй ашиглах болсноос ийм зэвсгийг хойш тавих болсон байлаа. ЗХУ болон коммунистуудыг сөрөн зогсох хүйтэн дөл дүрэлзэж, дэлхийд ноёрхох тулгуур болсон нууц хөзөр-хүний оюун ухааныг хянах технологи боловсруулж байв.
ЗСБНХУ-ыг задлах явдлыг өөрийн муу ёрын төлөвлөгөөгөө болгосон Аллен Даллес энэ үед ТТГ-ыг тэргүүлж байв. Хүний оюун ухааныг гарцаагүй хянах боломжийг АНУ-д авчрах ёстой судалгааны ажлыг удирдуулахаар Сидни Готлиб гэгчийг тэрбээр томиллоо. Нацистын эрдэмтдийг толгойлох үүргийг цагаач еврейн гэр бүлээс гаралтай 33 настай химичид ийн хүлээлгэсэн нь хувь заяаны тохуурхал ч гэлтэй. Сүүлийн жилүүдэд энэхүү С.Готлибыг “хар илбэчин”, “бохир мэхт” гэх болсон, ийм хоч өгсөн нь санамсаргүй юм биш байсан аж.
Хөтөлбөрийг “МК-Ультра” гэж нэрлэсэн бөгөөд хүний оюун ухаанд нөлөөлөх бүхэл бүтэн систем бий болгох зорилготой байв. Тагнуулчид шаардлагатай үед хүний ой ухааныг алдуулж, нүдний нь хараа, сонсголыг нь муудуулж, хөдлөх чадваргүй болгох, эсвэл бүр эсрэгээр нь тарчлаан зовооход үзүүлэх эсэргүүцлийг нь хүчтэй болгохыг хүсэж байлаа. Тэд хүний биеийн бүтцэд нэвтэрч, түүнийг сулруулж, бусдад захирагдаж, бусдаас хамааралтай болгож өөрчлөхийг зорьж байв.
С.Готлибын бүлэг сүүлийн жилүүдэд Засгийн газрын зөвшөөрлөөр хүмүүс дээр олон зуун мянган туршилт хийжээ. Сэтгэцийн эмнэлгийн юу ч сэжиглээгүй өвчтөнүүд туршилтад өртөх нь элбэг. Хүний оюун ухаанд хяналтаа тогтоохын тулд мэргэжилтнүүд ховсдох, цахилгаанаар цохиулах болон сэтгэхүйд дарамт үзүүлэх тамлалын төрөл бүрийн арга, химийн бодис ч хэрэглэж байв. 1938 онд нээсэн сэтгэхүйд онцгой хүчтэй нөлөөлдөг бодис тэдний анхаарлыг татаж байлаа.
Уг бодис (ЛСД) цэргүүдийн жагсаалаар явах чадварт хэрхэн нөлөөлөхийг эрдэмтэд ихээхэн сонирхож байв. Энэ бодисыг хүний цусанд оруулахад хүмүүс явах, хүссэн зүг рүүгээ эргэх, хөдлөх чадвараа алдаж байлаа. “Нүдэнд хий юм үзэгдэх болсон. Байгаа өрөөний маань хэлбэр өөрчлөгдөж, хүчирхийлэл үйлдэх хүсэл төрж, хананаас цус гоожиж, эргэн тойронд байгаа хүмүүс араг яс болж хувирч харагдана. Би өөрийгөө галзуурч байна гэж бодсон” гэж 1957 онд шоронд байхдаа өөр дээрээ олон удаа туршилт хийхийг зөвшөөрсөн Уайти Булгер гэдэг хүн ярьсан байдаг. Чухам энэ үед Кентукки муж улсын шоронгийн эмч хар арьст долоон хоригдолд 77 өдрийн турш нөгөө ЛСД бодисыг ердийнхөөс хоёр, гурав, дөрөв дахин их хэмжээгээр хийж, уг бодис хүний сэтгэхүйг бүрэн өөрчилж чадах, эсэхийг туршсан байна. Харин тэр долоон хоригдлын хувь заяа хэрхсэн талаар мэдээлсэнгүй.
Бие дээрээ туршилт хийхийг зөвшөөрсөн хүмүүсийн нэг нь Стэнфордын их сургуулийн оюутан Кен Кизи байв. Сэтгэцийн эмч нарын хяналтад 1959 онд тэрбээр ЛСД бодисын туршилт хийлгэжээ. Энэ туршилт “Хөхөөний үүрэн дээгүүр нисэхүй” номынх нь гол сэдэв болсон аж.
ТТГ хийгээд эрхэлж буй ажилдаа дургүй болсон Фрэнк Олсоныг нөхдийнхөө гарт амиа алдахад хүргэсэн байж болох “МК-Ультра” төслийн хэрэгжүүлж эхэлж байсан 1953 онд тэрбээр өнгөрсөн амьдрал, хийсэн ажилдаа урам хугарч, сэтгэлийн дарамттай байх болсноо гэргийдээ ярьж байжээ.
Амиа алдахаас есөн өдрийн өмнө Ф.Олсон урилга хүлээн авсан нь ТТГ, армийн долоон эрдэмтний хамт хотоос гадагш Дин Крик нуурын дэргэд байх гэртээ ирэхийг мөнөөх С.Готлиб санал болгосон байна. Энэ бол тус багийнхны амралтаа өнгөрүүлдэг газар байв. Харин энэ удаад байгалийн сайханд амрах биш ажиллах өдөр болжээ. Эрдэмтэд дасаж дадаагүй туршилтын “амьтдын” үүрэг гүйцэтгэх болсон аж. Дарга нь “Куантро” гэдэг дарсанд сэтгэцэд нөлөөлөх бодис нэлээд хэмжээгээр хийснээ уусных нь дараа тэдэнд хэлсэн байна. Судлаачид үүнийг сонсоод ихэд цочирдсон ч түүний эсрэг юу ч хийх боломжгүй байсан төдийгүй ухаан санаа нь сүрхий ээдэрч эхэлжээ. Гэлээ ч хоёр гурав хоноод биес нь хэвийн болж Ф.Олсоны бие л ихэд муудсан байна. Тэгээд ажлаа хийх боломжгүй болох шинжтэйгээ тэрбээр удирдлага болон нөхдөдөө хэлэв.
Түүний бие ер сайжрахгүй, нэг бол халахыг шаардаж, тэгснээ үлдэхийг зөвшөөрч, гэртээ харихаар зэхэж, тэгснээ бие нь сайжрахгүй байгаад шаналж байв. Нөхдөөсөө холдохыг оролдож, түүгээр зогсохгүй цагдаагийн газар очмоор санагдаж, яагаад ч юм бэ өөрийг нь хүмүүс эрээд байх шиг бодогдоод байлаа. Эцэст нь шөнийн 03.00 цагт Нью-Йорк дахь зочид буудлын цонхоор үсэрчээ.
Энэ үхлийн нөхцөл байдлыг займруулахын тулд цагдаа нарт шахалт үзүүлэхэд хүрсэн байна. Тиймээс Форт-Детрикт юу болсныг хилийн чанадад байгаа АНУ-ын шоронгуудыг мэддэг, Солонгосын дайны үед америкчууд биологийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримтыг ч үзсэн байж болох энэ эрдэмтний үхлийн шалтгааныг цагдаа нар мөрдөж мөшгилгүй орхив. Түүний цогцсыг авсанд хийн оршуулжээ. Хорт бодис хэрэглэж амийг нь хөнөөснийг Ф.Олсоны гэр бүлийнхэн 20 жилийн дараа л мэдсэн аж.
1975 онд түүний талаар “The Washington post” сонинд нийтлэл гарав. Энэ явдал америкчуудын анхаарлыг татсан нь мэдээж. Нууц мэдээлэлд ойр байсан, ТТГ-т ажилладаг эрдэмтэн маань хамт ажилладаг хүнийхээ нүдэн дээр мансууруулах бодис хэрэглээд амиа егүүтгэсэн байна. Ф.Олсоны гэргий, хүүхдүүд мөрдөн байцаалтыг шинээр эхлүүлэхийг шаардаж, ТТГ-ыг шүүхэд өгөхөөр шийдэв.
Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга байсан, хожим нь Дэд Ерөнхийлөгч болсон Дик Чейни хэрэг явдалд оролцов. Ф.Олсоны гэр бүлийнхэн хэлснээрээ хөдөлбөл онцолж нууцалсан мэдээллийг тагнуулын байгууллага илчлэхээс аргагүй болохыг чухам Д.Чейнигийн санаачилгын дүнд Ерөнхийлөгч Жеральд Форд ойлгосон байна. Харамсаж байгаагаа ил тод илэрхийлж, биечлэн уулзахыг Ф.Олсоны гэргий, хүүхдүүдэд санал болгохыг Төрийн тэргүүндээ Д.Чейни зөвлөжээ.
Ж.Форд зөвлөгөөг хүлээн авч гэр бүлийг нь Зууван танхимд урьж, уулзахыг хүсэв. Ф.Олсоныхон дараа нь ТТГ-ын тэргүүн Уильям Колбитой уулзлаа. Цагаан байшин гэр бүлийнхнийг шүүхдэхээс татгалзахыг хүсэж, 750 мянган ам.доллар өгч, талууд холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ.
Үүнээс бараг 20 жилийн дараа 1994 онд Ф.Олсоны хүү Эрикт сэжиг төрж, цогцсыг гаргаж шинжлүүлсэн байна. Шүүх эмнэлгийн магадлан шинжээч түүний хардлагыг нотолж, талийгаач нуруугаараа унасан ч духан дээр нь зүүн нүдний дээд талд гавлын яс цуурсан байв. Энэ бүхнээс үндэслэн Ф.Олсоны толгойг ямар нэг юмаар цохиж ухаан алдуулаад, цонхоор шидсэн байна гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл Ф.Олсоны гэр бүлийнхэн нэгэнт ам өгч, гарын үсэг зурсан болохоор шүүхэд хандах боломжгүй болсон байлаа.
150 гаруй төсөл нэгтгэсэн “МК-Ультра” хөтөлбөрийн үр дүнгийн үндсэн хэсгийг хаа нэгтээ хадгалж байсан нь санамсаргүй явдал биш байжээ. “Хар илбэчин” Сидни Готлиб өөрийгөө халагдахыг урьдчилан хараад бичвэрийн ихэнх хэсгийг устгахыг тушаасан байна. Энэ нь өтөл насаа амгалан тайван өнгөрөөх боломж олгосон байж болох, тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Виржини муж улсад ямаа үржүүлж байжээ.
ТТГ яагаад иргэддээ ийн хүмүүн бусаар хандаж, хүний оюун ухаанд нэвтрэхийг оролдсон, хүний ухамсрыг өөрчлөхийг эрмэлзэж, өөрийн ажилтны аминд яагаад хүрэв гэдгийг өнөөдөр ойлгоход төвөгтэй. Гэхдээ нууц цэрэгтэй, мэдээллийн фронттой, үзэл суртлаар байлдан дагуулдаг хүйтэн дайны цэвдэг хүйтэн бодит байдал аль болох өршөөлгүй арга ажиллагааг шаарддаг аж. Тагнуулчдын байр сууринаас авч үзвэл Ф.Олсон эх орноо хийгээд чөлөөт ертөнцийг бүхэлд нь коммунизмаас хамгаалах өөрт нь ногдсон үүргээ биелүүлж чадаагүй, ихэд будилсан хүн байжээ. Хүнлэг чанар нь хатгасан Ф.Олсон баатар биш, байлдагч л хэрэгтэй байдаг хүйтэн дайны бас нэг золиос болсон хүн гэж хэлж болно.
Бэлтгэсэн: Р.Жаргалант