АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сири дэх нөхцөл байдалтай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурсан тухай Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Туркийн төрийн зарим удирдагчдыг хар жагсаалтад оруулах, гангийн импортод нь өндөр татвар оноох, Анкаратай хийж буй худалдааны хэлэлцээг зогсоох зэрэг заалтууд уг захирамжид бичигджээ. Тухайлбал хориг арга хэмжээний жагсаалтад Туркийн Үндэсний батлан хамгаалах яам, Эрчим хүч бөгөөд байгалийн нөөцийн яам, тус яамны сайдууд болох Хулуси Акар, Фатих Донмез түүнчлэн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарыг оруулжээ. Цагаан ордны тэргүүн өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Хэрвээ Туркийн удирдагчид хор хөнөөлтэй үйлдлээ үргэлжлүүлсээр байвал тус улсын эдийн засгийг сүйрүүлэх арга хэмжээ авахад бэлэн болоод байна” гэж өгүүлсэн байна. Өнгөрсөн онд АНУ-ын иргэн шашны номлогчийг суллуулахын тулд Вашингтон Туркийн гангийн импортод 50 хувийн татвар оноож байсан юм. Энэ шийтгэл Туркийн эдийн засагт ноцтой цохилт болж, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш огцом унаж байжээ. Иргэнээ суллуулсны дараа Трамп уг татварын хэмжээг 25 хувь болгон бууруулсан юм. Тэгвэл энэ удаа Сирид явуулж буй байлдааны ажиллагаатай нь холбогдуулан дахин 50 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.