БНСУ-ын Хууль зүйн сайд Чо Гук авилгын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорч байгаагаа өнөөдөр мэдэгдэв. Тэрбээр өөрөө төдийгүй түүний гэр бүл ч авилгын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа аж. Өнгөрсөн 9-р сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний Зарим улс төрчдийн эсэргүүцлийг үл хайхран Чо Гукийг хууль зүйн сайдаар томилсон юм. Тэр өдөртөө тус улсын прокурорын байгууллага Чо Гукийн эхнэрийн эсрэг мөрдөн шалгах ажил явуулж эхэлсэн аж. Хяналтын байгууллага түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн, хувийн тусламжийн санд авилгын схем ашигласан хэмээн сэжиглэж байгаа аж. Чо Гук огцрох болсон шалтгаанаа “ерөнхийлөгч Мүүн Жэ Инд тулгарч буй улс төрийн дарамт шахалтыг бууруулахын тулд” гэж тайлбарласан байна.