Сирийн засгийн газрын арми тус улсын хойд хил рүү цэргээ илгээлээ гэж төрийн SANA агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр бол засгийн газар дээрх алхмыг “Туркийн түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд хийжээ”. Сирийн арми курдын зэвсэгт бүлэглэлтэй байлдааны үйл ажиллагаагаа тохиролцсон эсэх талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл гараагүй байна. Гэхдээ Ливан улсын Al Mayadeen сувгийн курдын талын эх сурвалжаас иш татан мэдээлснээр бол Башар Асадын арми ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгаралгүй Манжиб хот (курдуудын хяналтад байгаа хот) руу оржээ. Түүнээс гадна курдын зэвсэгт бүлэглэлийн Фэйсбүүк хуудсанд “Туркийн түрэмгийллийг зогсоохын тулд Сирийн засгийн газартай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Үүний үр дүнд Сирийн армийн цэргүүд Сири-Туркийн хилд ирж манай бүлэглэлд туслах болно” гэж мэдэгдсэн байна. Энэ сарын 10-нд Туркийн зэвсэгт хүчин Сирийн хойд хэсэг рүү байлдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэхүү ажиллагаагаа “Энх тайвны эх үүсвэр” хэмээн нэрлэж Сирийн хил дотор 30-35 км өргөн, Кобанигаас Хасакех хүртэл 440 км урт үргэлжилсэн “аюулгүйн бүс” байгуулж, Сирийн дүрвэгчдийг байрлуулна хэмээн тодорхойлсон юм. Энэ далимд тэрээр Туркийн хувьд салан тусгаарлагчид гэгддэг курдийн зэвсэгт бүлэглэлийн хүчийг сулруулж, хилээсээ холдуулах зорилго агуулсан аж.