Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Ням гарагийн /20149.10.13/ байдлаар 33 хүрлээ гэж “NHK” мэдээлэв. Мөн 15 хүн сураггүй болж, 180 гаруй хүн гэмтжээ. Зам тээврийн яамны мэдээлснээр, Японы төвийн болон хойд нутгуудад 142 гол үерлэж, 21 голын эрэг хавийн далан нуржээ. Төмөр замын гүүр нурж, үерийн ус галт тэрэгний үйлчилгээг тасалдуулсан бөгөөд Хокүрикү хурдан галт тэрэгний засварын депо усанд автсан байна. Үүнээс гадна олон хүн усанд автсан гэртээ гацсан бөгөөд тэднийг аварахаар Японы зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчилж эхэлсэн аж. “Хагибис” хар салхи Бямба гарагийн оройн 7:00 цагийн үед Японы гол арал Хоншуг дайрах үед хурд нь цагт 216 км хүрсэн агаад Ням гарагийн өглөө саарч, төв цэг нь Японы эргээс холдсон ч үерийн гамшиг тус улсын төв хэсэгт үргэлжилсээр байна.