Багамын арлуудыг дайрсан “Дориан” хар салхины улмаас дор хаяж 20 хүн амиа алдсан тухай “Майами Хералд” сонин тус улсын эрүүл мэндийн яамны эх сурвалжийг дурдан мэдээлээ. Сонинд бичсэнээр хохирогчдын тоо нурангыг арилгах явцад нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 2-нд “Дориан” хар салхи Багамын арлуудын хойд хэсгийг дайрсан юм. Маш хүчтэй салхинд орон сууцны байшингийн дээвэр хуулагдаж, моднууд хугарч унажээ. Хүчтэй аадар бороонд зам, байшингууд үерт автсан байна. 9-р сарын 3-нд хар салхи Саффир-Симпсоны хэмжүүрээр таван ангиллын хоёрдугаарт хүрч буурсан аж. НҮБ “Дориан” хар салхинд нэрвэгдсэн Багамын арлуудад 1 сая долларын тусламжийг онцгой байдлын сангаасаа олгох болсон тухай өчигдөр /2019.09.04/ тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Марк Локок мэдэгджээ.