Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг бүрэн засварлагдаж өнөөдрөөс ашиглалтанд орлоо.
УТНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх 1977 онд байгуулагдсан. Хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх 3-р шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг байжээ. Мөн мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг аж.
Тус тасагт 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй, 9 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ удаад 12 ортой болон өргөжлөө. Мөн дулааны шугамыг шинээр сольж, цахилгаан угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Энэхүү барилгын засварын ажлыг ЭМЯ-наас дэмжиж, дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг “Жаргалан дулаан” ХХК хийж гүйцэтгэсэн. Барилгын бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгч байгаа юм. Тухайлбал бүх цонх, хаалгыг сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн байна.
А.Сарандагина