Гурван хүүхдээ хийсвэр (кесарево) хагалгаагаар төрүүлсэн нэгэн “Надад ингэж төрөх нь амар байдаг. Олон цаг өвдөж, зовохгүй. Төрөх дөхөхөөр эмчдээ хэлж, хугацаагаа товлоод л мэс засалд ордог” гэв. Гэвч тэрбээр залуугаараа байж мартаж, санадаг өвчтэй болсон. Хийсвэр хагалгааг нугасаар мэдээ алдуулж хийдэг тул хожим гарах хүндрэл энэ мэт цөөнгүй аж. Эхний хүүхдээ эл аргаар төрүүлсэн бол дараагийн удаа заавал мэс засал хийлгэх заалтгүй ч бүгд шахам хэвлийгээ зүсүүлэхэд хүрдэг байна. Харамсалтай нь, манай бүсгүйчүүд үүнээс айдаггүй, зарим эмч ч биеийн амрыг бодож, хийсвэр хагалгааг чухалчлах болсон гэх.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар, тухайн улсын нийт жирэмслэлтийн 5-15 хувийг мэс заслаар төрүүлэхэд хэвийн гэж үздэг. Харин манай улсад энэ тоо 26 орчим хувьтай буюу өндөр үзүүлэлттэй байгааг судлаачид хэллээ. Статистик сөхвөл, 2010 онд улсын хэмжээнд 65 660 эх амаржсаны 21 хувь нь хийсвэр хийлгэж. Өөрөөр хэлбэл, 13 000 гаруй нь жам ёсоороо төрөөгүй гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн онд 77 884 эх төрснөөс 20 орчим мянга нь мэс заслыг сонгожээ. Энэ нь есөн жилийн өмнөхөөс долоон мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл Азийн бусад улс оронд нийт жирэмслэлтийнх нь 19.5, Африкт 7.4 хувь нь “зохиомлоор” төрдөг байх жишээтэй.
Жамаараа бус амаржихыг латинаар sectio caesarea гэдэг. Махчилбал, энэ нь хагалсныг хагалах гэсэн утгатай. Хэвлийн хананы урд хэсгийг зүсэж, умайг давхар нээдэг тул хагалгааны үе шатуудыг ийн илэрхийлдэг байна. Эл мэс заслыг XVII зуунд анх Европт хийсэн гэдэг. Тухайн үед өвчин намдаагч, антибиотик, оёдлын утас зэргийн аль нь ч байсангүй. Умайн ханыг онгорхой чигт нь орхидог байсан талаар түүхийн баримтуудад тэмдэглэжээ. Зарим хүний шарх аажимдаа эдгэрч, амьд үлддэг бол олонх нь нас бардаг байжээ. Гэхдээ ихэнхдээ эх амьдрах боломжгүй нөхцөлд хүүхдийг нь аврахын тулд уг аргыг сонгодог байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Манайд хийсвэр хагалгааны аргыг хэзээ нэвтрүүлсэн нь тодорхойгүй аж. “1940-1950 онд байх” гэж судлаач нар хэлсэн. Орчин үед эхийн эрүүл мэндийг хамгаалахын тулд тодорхой заалтаар уг мэс заслыг хийдэг. Ийм хагалгаа жил ирэх тусам нэмэгдэх болсныг графикаар үзүүлэв. Урьд нь тухайн эхийн төрөх үйл явц хүндэрсэн үед л хийсвэрт оруулдаг байсан бол өдгөө эмчтэйгээ ярилцаад шийддэг болсон гэх. Уг нь эхийн аминд эрсдэлтэй дараах хэдэн шалтгаанаар мэс засал хийдэг юм билээ. Үүнд хэт жижиг аарцагтай эхийг хийсвэрээр амаржуулна. Учир нь хүүхдийн их биеийн түрүүлсэн хэсэг эхийн аарцгийн тойргоор гарч чадахгүй гэж үздэг. Үүний дараа механик гэмтлүүд хамаарна. Төрөх замд миом зэрэг элдэв “саад” бий болбол хагалгаа хийлгэх заалттай. Мөн эхэс түрүүлж байрласан, эсвэл төрөх хугацаанаас өмнө ховхрох, умай урагдах эрсдэлтэй тохиолдолд хийсвэрт оруулдаг байна. Үүнээс гадна харьцангуй заалт буюу төрөх үеийн сулрал, зүрх, судасны өвчин, жирэмсний хордлого, хүүхэд хөндлөн байрласан үед, 35-аас дээш настай бол жам ёсоороо төрөхөд бэрх гэж үздэг.
Харин өнөө үед дээрх шалтгаанаар бус, тухайн эхийн хүсэлтийг голчлон үздэг болсон гэдгийг дахин сануулъя. Үүнийг судлаачид эмэгтэйчүүд хийсвэр хагалгааны дараах хор уршгийг мэдэхгүй байгаатай холбон тайлбарласан. Тухайлбал, 35-аас дээш насныханд төрөхийн хүндрэл гарах тохиолдол нэлээд байдаг гэх статистик нь дундаж үзүүлэлт бөгөөд эхийн эрүүл мэндтэй ямар ч холбоогүй аж. Эрүүл, ямар нэгэн хордлогогүй, жирэмсний явц хэвийн бол жамаараа төрөхөд асуудалгүй тул хэн нэгний дам ярианд хууртахгүй байхыг эмч нар анхааруулсан. Мөн өөрөөрөө төрснөөс бага өвддөг хэмээж хийсвэр хагалгааг сонгодог гэдэг нь ор үндэслэлгүй болох нь практикт ил болсон зүйл.
Хийсвэр хагалгааг олон үе шаттай хийдэг. Хүүхэд төрсний дараа мэс засал амжилттай болсон, үгүйг эмч нар хэлэх боломжгүй гэсэн. Учир нь өвдөлт намдаах эмийн үйлчилгээ гарсны дараа эхийн биеийн байдлыг харгалзаж, олон хоног шархыг нь боох, хөдөлгөөнийг нь хязгаарлах зэргээр хатуу дэглэм баримтлах шаардлагатай. Хүүхдээ хөхөөр хооллодог бол өвдөлт намдаах эм уулгүй, шүд зуух хэрэгтэй болно. Хуурайлж, хөхүүлэхэд оёдол хөндүүрлэх, хөхөнд сүү орохгүй удах, умай агшихгүй байх зэрэг багагүй хүндрэлтэй нүүр тулдаг аж. Гэтэл жамаараа төрсөн эхчүүд хэсэг хугацааны өвдөлтийн дараа өргөс авхуулсан юм шиг ямар ч зовиур мэдэрдэггүй, хоёр хоноод хэвийн амьдралдаа шилждэг байна.
Үүнээс гадна жамаараа болон хийсвэрээр төрсөн хүүхдүүд өсөлт, хөгжлийн хувьд ялгаатай байдгийг эхчүүд төдийлөн мэддэггүй. Олонх нь “Ямар ч нөлөөгүй” гэж үздэг нь судалгаагаар тогтоогджээ. Харамсалтай нь, хийсвэр хагалгааны явцад хүүхэд стафилококк (бөөгнөрч байрласан, бөмбөлөг хэлбэртэй) бактери тээж төрдөг бөгөөд энэ нь хугацаа өнгөрөх тусам амьсгалын замын өвчинд өртөмхий болгож, багтраа үүсгэдэг байна. Мөн гэдсэнд нь сөрөг нян үржин, өвчлөх магадлалтай. Жамаараа төрсөн хүүхдийг бодвол дархлаа султай, нойрсуулах тарианы гаж нөлөө илрэх нь цөөнгүй аж. Биеийн хөгжил нь сул байх нь ч олонтоо. Швейцарын Женев хотын их сургуулийн эрдэмтэд хийсвэрээр төрсөн хүүхдүүдийн өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг 12 жилийн турш хийсэн судалгаагаараа илрүүлжээ. Тэд 57 000 орчим тохиолдлыг судалсны үндсэнд жамаараа төрсөн хүүхдийг бодвол уушги нь төдийлөн хөгжөөгүй, олонх нь бүтэлттэй төрдгийн улмаас өвчлөмтгий байсныг тогтоосон юм байна. Мөн илүүдэл жинтэй мэндэлдэг нь өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг аж. Дэлхийн хэмжээнд хамгийн өргөн хүрээ хамарсан уг судалгааг олон улсад чухал баримтад тооцдог. Түүнээс гадна “2030 он гэхэд хийсвэр хагалгааны тоо 20 хувиар өснө” гэж эрдэмтэд таамагласан байх юм.
Ийм олон сөрөг үр дагавартай байхад эмэгтэйчүүд хийсвэр хийлгэхийг илүүд үзэх болсон нь төрөлтийн айдас, гоо сайхан байх гэсэнтэй нь холбоотой болохыг АНУ-ын Бостоны хүүхдийн эмч нар тогтоожээ. Олонх нь хярзан язрах, оёдол тавиулах зэрэг бэрхшээл үүсэхгүй гэж муйхарладаг бол нөгөө хэсэг нь төрөх тухай мэдээлэлгүйн улмаас маш их айдаг байна. Гэвч дээр дурдсанчлан хагалгааны дараа өөрийгөө болон хүүхдээ хүнээр асруулж, их хэмжээний өвдөлтийг ямар ч эмгүйгээр даван туулдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Үүнээс гадна “механикаар” төрсөн эхчүүд хамгийн цөөндөө гурван жилийн давтамжтай жирэмслэх заалттай. Гэсэн ч олонх нь 1-2 жилийн дараа төрж, амь, биеэ эрсдэлд оруулдаг гэж эмч нар хэлсэн. Тодруулбал, уг мэс заслын явцад болон дараа нь цус алдах, халдвар авах, өвдөлтийн шооконд орох, дотор эрхтнүүд гэмтэх эрсдэлтэй. Улмаар гэдэс байнга дүүрч, жамаараа төрснөөс удаан тэнхэрдэг зэрэг олон сул талтайг эх баригч нар сануулав. Цаашлаад мэс заслын оёдол дагаж умай нимгэрэх, сорвижих, урагдаж, цоорох аюултайг ч сэрэмжлүүлсэн. Үүний улмаас умайгаа авхуулж, дахин төрөх боломжгүй болсон тохиолдол цөөнгүй аж. Нойрсуулах тарианы уршгаар ууц, нуруу өвдөх нь “хэвийн” үзэгдэл гэх. Тиймээс олон хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол хийсвэр хагалгаа бүр ч тохиромжгүй. Дахин жирэмслэх явцад ихэс түрүүлэх, умайн хананд хэт гүн бэхлэгдэх зэрэг эрсдэл нэмэгддэг байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харвал, сүүлийн 10 жилд жирэмсэн таван эмэгтэй тутмын нэг нь хагалгаагаар амаржжээ. Хүүхдээ тээгээд, хүссэн өдрөө төрдөг болов. Нэг ёсондоо “робот” ээж олширсон гэсэн үг. Нөгөөтээгүүр 2000 оноос хойш жирэмсэн эхчүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдсэн нь мэс заслаар төрөх үндсэн шалтгаануудын нэг болоод байна. 1990 оноос өмнө монголчуудын идэж, уудаг хоол, хүнс голдуу байгалийнх байсантай холбоотойгоор эхчүүд эрүүл чийрэг байлаа. Харин өдгөө хүнсний аюулгүй байдал алдагдаж, агаар, хөрсний бохирдол тартагтаа тулсан учир жирэмсний явцад төрөл бүрийн аминдэмийг нэмэлтээр хэрэглэж байна. Энэ нь ураг хэвлийдээ хэт томорч, хийсвэр хагалгаа хийлгэх заалт дахин нэгээр нэмэгдсэн нь харамсалтай.
Жил ирэх тусам төрөлт багасаж, 10, 20 мянгаараа хагалгаагаар амаржаад байвал юу болох билээ. Нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар дөрвөн амаржих газартай. Нэг үеэ бодвол төрөх эмнэлгүүдийн орчин сайжирч, орны тоо нэмэгдсэн ч ачаалал ихтэй хэвээр. Төрж чадахгүй, “аашилж, баашилсан” нэгний хамаг юмыг хайчлаад, эсвэл хийсвэрт оруулчихдаг дураараа эмч цөөнгүй байгааг олон нийт шүүмжилдэг. Анх төрөгч нар орон дээр гарснаас хойш төрөх үйл явц нь цаг орчим, давтан бол 30 хүртэл минут үргэлжилдэг байна. Эмч нар эл хугацаанд төрөх “ажиллагааг” удирдаж, эхчүүдэд зааж, зөвлөх үүрэгтэй. Гэтэл дараагийн үйлчлүүлэгчээс болж яарах, залхах, зарим хүний авирыг үл тэвчдэгээс хагалгааны ширээнд “тушаах” тохиолдол ч гардаг гэсэн. Эхийн хэвлий болон умайг зүсэж, хүүхдийг нь төрүүлэх эл аргаас дэлхий нийт аль болох татгалзаж байхад манайд эсрэгээрээ.