Сүүлийн арван жилд хүн амын дунд цусны эмгэг, хавдрын тохиолдол 50-60 хувиар нэмэгдэж, тэр хэрээр эмчилгээ, үйлчилгээний зардал өсжээ. Саяхныг хүртэл манайд ийм өвчтэй хүмүүст шинж тэмдэг дарах, хүндрэхээс урьдчилан сэргийлэх л эмчилгээ хийдэг байв. 2012 онд цусны хорт хавдрын 87 тохиолдол шинээр бүртгэгдсэний 60 хувь нь нас барсан байна. Энэ нь эмчилгээ үр дүнгүй байсныг илтгэх биз ээ. Тухайн онд 12 хүн цусны үүдэл эс шилжүүлэн суулгуулахаар БНСУ-ыг зорьж, зөвхөн эмчилгээндээ 1.9 тэрбум төгрөг зарцуулсан гэх баримт бий. Эдгээр нь уг технологийг Монголд нэвтрүүлэх “ажиллагаа” эхлүүлэхийг шаарджээ.
Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны хавдрууд, ясны чөмөгний үйл ажиллагаа алдагдах, бусад эрхтний зарим хорт хавдар, дархлааны хүнд хэлбэрийн дутмагшил, бодисын солилцооны төрөлхийн эмгэгийн үед хийдэг, сүүлийн үеийн технологи юм. Дээр дурдсан өвчний үед хүний ясны чөмгөнд цусны эмгэг эсүүд төлжсөнөөр олон эрхтнийг “устгах” аюул нүүрлэдэг байна. Тиймээс эрүүл үүдэл эс сэлбэн, шинэ эсүүдийн үүсэл, хөгжлийг сэргээснээр уг эрсдэлээс зайлсхийх боломжтой аж.
Монголчууд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ямар тохиолдолд хийлгэх, хагалгааны өмнө болон дараа баримтлах зарчим зэргийг ерөнхийд нь гадарладаг болсон. Харин ясны чөмөг, үүдэл эс гэж юу болох талаар төдийлөн мэдэхгүй. Улсын хэмжээнд цусны эмгэг, хавдартай хүүхдүүдийг ЭХЭМҮТ, насанд хүрэгчдийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүлээн авдаг. Гэвч цусны бүх төрлийн өвчний оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг уг хоёр эмнэлэг өвчтэй хүмүүсээ дийлэхгүй байна. Өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад гэхэд хэвтэн эмчлүүлэгчдээс гадна ийм өвчтэй 150 гаруй хүн байгаа аж. Тэд бүгд цусны үүдэл эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай аж. Тэднийг эх орондоо эдгээх, боломж нөөц бий, эсэхийг тодруулахаар тус эмнэлгийг зорилоо.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх тасаг нь 35 ортой. Ор сулрах тохиолдол үгүйг эмч нар хэлсэн. Тиймээс цусны хавдрын хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүсээ л хэвтүүлдэг юм байна. Бусдыг нь гэрээр нь хянадаг гэсэн үг. Үүнээс гадна өдрийн хими эмчилгээний болон үүдэл эс шилжүүлэн суулгах тасаг байрлана. Нарийн мэргэжлийн найман эмчтэй. Цусны эрхтэн тогтолцооны бүх төрлийн өвчтэй хүмүүсийг улсын хэмжээнд найман эмч л хянадаг. Харин тус төвийн зүрх нь болох чөмөг шилжүүлэн суулгах тасаг ганцхан ортой. HEPA (High-efficiency particulate air) шүүлтүүр бүхий өндөр түвшний техник хэрэгсэлтэй, вакум өрөө тул олныг байгуулах төсөв мөнгө байхгүй гэсэн.
Тус төвийнхөн үүдэл эс шилжүүлэн суулгах төслийг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд эмч нараа сургах, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай зүйлээ бэлтгэх гэж гурван жил зарцуулсан аж. Үүнээс өмнө буюу 2000 онд Цусны үүдэл эс
шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэр эх орондоо уг эмчилгээг нэвтрүүлэх төсөл санаачилсан ч тухайн үед ойлгож, дэмжих хүн байгаагүй гэдэг. Өнөөдрийн байдлаар Монголын эмч нар 18 дахь хүндээ үүдэл эс шилжүүлэн суулгасныг тэрбээр хэлэв. Тасаг нь ганц ортой ч өнгөрсөн онд долоон хүнд уг эмчилгээг хийжээ. Өнөө жил ч үүнээс цөөнгүй хүнд үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн байна.
Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн доктор Б.Хишигжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг ямар тохиолдолд хийлгэдэг юм бэ?
-Цусны хавдар нь архаг болон цочмог хэлбэрийнх гэж байна. Эдгээр тохиолдолд болон хавдрын урьдал үеийн эмгэгтэй хүмүүст уг эмчилгээг хийдэг. Манайд үүдэл эс шилжүүлэн суулгуулсан 18 хүний 17 нь цусны хавдрын архаг явцтай, нэг нь цочмог хэлбэрийнх байсан. Тэдний үүдэл эсийг өөрөөс нь шилжүүлэн суулгасан. Ингэхийн тулд эхлээд химийн эмчилгээгээр өвчтөний цусан дахь хорт хавдрын эсүүдийг устгадаг. Үүний дараа ясны чөмгөнд буй эрүүл үүдэл эсийг ялган авч, түүнийгээ боловсруулаад, хөлдөөж хадгалдаг. Хэсэг хугацааны эмчилгээний дараа буцаагаад өвчтөнд сэлбэнэ. Учир нь үүдэл эсээс цусны шинэ эсүүд үүсэх үйл явц ясны чөмөгт бүрэлддэг юм. Өвчний төрөл, үе шатаас хамаарч зарим нь оношлогдонгуутаа шууд эмчилгээнд ордог. Нөгөө хэсэг нь химийн эмчилгээний дараа өвчин нь сэдрэхгүй, эдгэх тохиолдол ч бий. Ер нь цусны хавдартай хүмүүсийн амьдрах цор ганц боломж нь үүдэл эс шилжүүлэн суулгуулах юм.
-Уг эмчилгээ нь элэг, бөөр шилжүүлэн суулгахтай адилгүй, удаан хугацаа шаарддаг юм уу?
-Химийн эмчилгээг 2-4, чөмөгнөөс үүдэл эс ялган авч, шүүх, хадгалах зэрэгт нэг сар шахам болдог. Ялган авсан үүдэл эсийг боловсруулаад, өвчтөнд хийсний дараа сар гаруйн хугацаанд эмчилгээ үргэлжилнэ. Энэ бол хамгийн чухал үе нь. Нийт зургаан сар шаардлагатай. Өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгаснаас хойш химийн эмчилгээг өндөр тунгаар хийдэг. Учир нь энэ үед тухайн хүний цусны болон дархлааны эс тэг болтлоо унадаг. Тиймээс халдвар авах, эмчилгээний дараах бусад хүндрэл гарах магадлалтай тул эрүүл ахуйн дэглэмийг өндөр түвшинд сахина.
-Хүн амын дунд цусны эмгэг, хавдрын тархалт нэмэгдэж байна. Уг эмчилгээний үр дүн хэр байдаг бол?
-Үүдэл эс шилжүүлэн суулгуулсан хүмүүс бараг бүгд эдгэрсэн. Нэг хүний эмчилгээний явцад хүндрэл гарч нас барсан. Өвчнийхөө эцсийн шатанд мэс засалд орсон бас нэг хүн хоёр жил болоод өвчин нь сэдэрч, эндсэн тохиолдол бий. Сүүлийн жилүүдэд цусны өвчин огцом ихэссэн. Үүнд агаарын бохирдол голлон нөлөөлж байна. Мөн химийн гаралтай хоол, хүнс, энэ төрлийн бусад хэрэглээ, хортой нөхцөлд ажиллах зэргээс үүдэж болно. Гуравдугаарт, ханиад, томуу зэрэг вирусийн гаралтай халдварт өвчний шалтгаанаар цусны хавдарт өртөх боллоо. Тодруулбал, иргэд вирусийн гаралтай өвчнөө гүйцэд эмчлүүлэхгүй, архагшуулдаг. Энэ нь дархлааны эсийг өөрчилж, улмаар цусны эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Эдгээрээс гадна төрөлхийн генийн онцлогтой буюу хавдарт өртөмхий, эрсдэлт бүлгийнхэн голдуу өвддөг. Эцэг, эх, ойр дотнынхон нь хавдраар өвдөж байсан бол эрсдэлтэй гэсэн үг. 10 жилийн өмнө цусны хавдар цөөхөн байсан бол одоо өдөр бүр шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хүн амын дунд зонхилон тохиолдох хавдрын дотор цусных эхний аравт жагсдаг.
Цусны эмгэг, хавдрууд нь ханиад, томуу шиг мэдэгдэхүйц шинж тэмдэггүй. Гэхдээ ядарч сульдах, цус багадах, арьс салст гэмтэх, хамраас цус гоожих, шалтгаангүйгээр бие хөхрөх, цусархаг толбо, тууралт гарах, тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид яаралтай хандаарай. Урьчилан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа цусны ерөнхий, биохимийн шинжилгээ хийлгэхэд гэмгүй.
-Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсад хоёр аргаар хийдэг юм билээ. Манай улс донороос үүдэл эс шилжүүлэн суулгах боломжтой юу?
-Цусны хавдрын архаг явцтай өвчтөнд өөрөөс нь үүдэл эс шилжүүлэн суулгах заалттай. Харин цочмог хэлбэрийн үед донороос авч, өвчтөнд сэлбэдэг. Учир нь энэ тохиолдолд өөрөөс нь үүдэл эс ялган авах боломжгүй байдаг. Өмнө нь манайх өвчтөнөөс үүдэл эс авахдаа тусгай багажаар хатгадаг байлаа. Харин одоо технологио сайжруулсны ачаар ясны чөмгөнд буй үүдэл эсийг захын цус руу хөөж, тусгай аппаратаар шүүдэг болсон. Хэдийгээр тоног төхөөрөмж сайжирч байгаа ч донороос үүдэл эс шилжүүлэн суулгах боломж бүрдээгүй л байна.
Донорыг эд, нийцлийн шинжилгээгээр сонгодог. Үүдэл эсийн донороос 10-аад үзүүлэлт таарч байж л эмчилгээ эхлүүлнэ. Нэг үзүүлэлт зөрөхөд л эзэн биеийн урвал буюу өвчтөн, донорын дархлааны эсүүд “дайтаж”, амь эрсдэх аюултай. Эд, нийцлийн шинжилгээг 100 хувь, нарийн гаргахад манай лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй. Түүнээс биш эмчилгээний технологи нь одоо хийж буйтай адил. Уг нь бид энэ онд донороос үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн ч төсөв мөнгөний гачигдлаас болж хойшилсоор байна.
-Уг эмчилгээг нэвтрүүлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Бид төслөө боловсруулаад холбогдох хүмүүст уламжилсан. Лаборантуудаа сургах, урвалж бодис, зарим багаж хэрэгсэл авахад эхний ээлжид 300-гаад сая төгрөг шаардлагатай. Манай эмнэлгийн хяналтад буй цусны хавдартай 150 гаруй хүн бүгд үүдэл эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Эхнээсээ өвчин нь хүндэрч байна.
Донороос чөмөг шилжүүлэн суулгуулахын тулд иргэд гадаад руу явж байгаа. Олон улсад энэ мэс засал асар өндөр өртөгтэй. БНСУ-д уг эмчилгээнд тэрбум гаруй төгрөг зарцуулсан хүн ч бий. Төр, засаг шаардлагатай хөрөнгийг шийдчихвэл эмч нар маань бэлэн. Цаашид өчнөөн хүнийг аварч, санхүүгийн гүн дарамтнаас гаргана шүү дээ. Цусны архаг болон цочмог хэлбэрийн хавдрууд ижил түвшинд оношлогдож байгаа. Тэгэхээр өөрөөс нь болон донороос үүдэл эс шилжүүлэх аргыг хослуулах шаардлага тулгарсан гэсэн үг. Өөрөөс нь үүдэл эс шилжүүлэх хагалгааг манайд 83 сая төгрөгөөр хийж буйн 75 хувийг улсаас санхүүжүүлдэг.
Ташрамд өгүүлэхэд, манай улс Ази, Номхон далайн бүсийн орнуудын ясны чөмөг шилжүүлэн суулгах холбооны гишүүнээр 2012 онд элсжээ. Уг технологийг нутагшуулсан 15 дахь орноор бүртгэгдсэн юм байна. Нарийн технологи, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг тул улс орнууд уг эмчилгээг тэр бүр нэвтрүүлж чаддаггүй аж.