АНУ-ын Техас болон Охайо мужуудад дараалан галт зэвсэгтэй хядлага гарч нийт 30 хүний амь үрэгдэж, 40 гаруй хүн шархаджээ. Хамгийн эхлээд бямба гарагийн өглөө Техас мужийн Эль-Пасо хотын Wellmart худалдааны төвд зэвсэгт этгээд хүмүүс рүү гал нээж 21 хүн алж, 26 хүн шархдуулсан бол ердөө 12 цагийн дараа Охайо мужийн Дейтон хотын цэнгэлдэх хүрээлэнд мөн үл таних этгээд гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 26 хүн шархаджээ. Эл бөөнөөр хядах явдал 2019 онд АНУ-ын хувьд 31, 32 дахь нь болоод байгаа ажээ. Техасын буудагчийг цагдаа нар баривчилсан бөгөөд урьдчилсан байдлаар түүний үйлдэл арьс өнгөний ялгаварлал болон цагаачдын эсрэг үзэлтэн байсан нь тогтоогджээ. Харин Охайод аллага үйлдсэн этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан хөнөөжээ. Тэрээр Охайогийн Бэлбрүк хотын оршин суугч байсан бөгөөд халдлага үйлдэх болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Хэдхэн хоногийн өмнө буюу долдугаар сарын 28-ны өдөр Калифорниад болсон сармисны баярын үеэр нэгэн этгээд гурван хүний амийг хөнөөсний дараа өөрийгөө буудаж, амиа хорлосон юм. Тэр долоо хоногт АНУ даяар өөр долоон удаагийн бөөнөөр хядах гэмт хэрэг гарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх хоёр хядлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Цагаан ордон болон гадаад дахь АНУ-ын байгууллагуудын далбааг буулгахыг тушаажээ.