Хонконгт байрладаг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) гарнизон тус армийн сүр хүчийг үзүүлсэн гурван минутын бичлэгийг Weibo нийтийн сүлжээнд байрлуулжээ. Бичлэгт цэргийнхэн “эсэргүүцлийн хөдөлгөөн” үймээн самуунтай тэмцэх сургуулилалтыг харуулсан байна. Бичлэгийн эхэнд цэргүүд “Хийсэн үйлдлийнхээ бүх хариуцлагыг та зөвхөн өөрөө хүлээх болно” хэмээн хашхирч байв. Ингэхдээ Их газрын албан ёсны мандарин хэлээр бус харин Хонконгчуудын ярьдаг кантон хэлээр хашхирсан байна. Бичлэг дээр цэргүүд үймээн самуун, эсэргүүцэгчдийг хэрхэн хүч хэрэглэн баривчилж байгаа, бороохой, усан буу хэрэглээд зогсохгүй, нисдэг тэрэг, танк хүртэл ашиглаж байгаа нь гарчээ.
PLA #HongKong garrison shows its commitment to safeguarding the country's sovereignty and security, as well as Hong Kong's prosperity and stability through a video released on Wednesday. pic.twitter.com/GlOI9K56Yw
— China News 中国新闻网 (@Echinanews) August 1, 2019
Хонконгт энэ видео бичлэгийг эсэргүүцэгчдэд хандсан тодорхой анхааруулга хэмээн хүлээн авчээ. Эл бичлэгийг мөн ХАЧА-ийн 92 жилийн ойн хүлээн авалтын үеэр харуулсан байна. 1997 онд Хонконг Хятадын мэдэлд шилжсэн цагаас эхлэн тус аралд ХАЧА-ийн гарнизон байрлах болсон бөгөөд албан бус тооцоогоор 6-10 мянган хүний бүрэлдэхүүнтэй аж. Тус гарнизоны захирагч захирагч Чэн Даошин хүндэтгэлийн хүлээн авалтад хэлсэн үгэндээ “бослого үймээн нь энгийн иргэдийн амьдрал, аюулгүй байдалд ноцтой аюул учруулаад зогсохгүй нэг улс, хоёр систем зарчмыг зөрчиж ” байгааг онцлоод “Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдлын төлөө тууштай зогсох”-оо илэрхийлсэн байна. Хонконгт гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн хөдөлгөөн найман долоо хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үед үймээн самуун хүчирхийллийн хэлбэрт шилжээд байгаа аж.