Монголчуудыг элэгний өвчин хиаруулж байгаа нь үнэн. Уг шалтгаанаар жил бүр 2500 орчим хүн хорвоог орхидог нь үүнийг гэрчлэх биз ээ. Энэ нь улсын хэмжээнд нас барж буй хүмүүсийн 15 орчим хувь юм. Ганцхан өвчинд бид ингэтлээ дарлуулах болсон шалтгааныг одоо сийрүүлье. Хүн амын дунд хепатит В, С, D вирусийн халдвартай 300 000 гаруй, илүүдэл жингээс үүдэлтэй элэг нь өөхөлсөн олон мянган хүн байгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч Г.Анар хэлэв. Элэгний вирусийн дайралт аажимдаа холдох ч хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй. Тэдний олонхынх нь элэг өөхөлж, үрэвссэн.
Үүний улмаас элэгний эсүүд задарч, олон жилийн дараа хавдар, хатуурал үүсгэх аюул нүүрлээд байгааг тэрбээр сануулсан. Өөрөөр хэлбэл, элэгний өвчин монгол өрх бүрт тулгамдсан асуудал болжээ. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар наад захын мэдлэг мэдээллийг иргэдэд түгээх нь эрүүл мэндийн салбарынхны эн тэргүүний ажил юм.
Г.Анар эмч “Анагаахын шинжлэх ухаанд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон арга бий. Тухайлбал, манай улс хепатит В вирусийн вакциныг хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор нийт нярайн 98 хувьд нь хийдэг болсон. Хэрэв ээж нь В вирусийн халдвартай, идэвхжилтэй бол нярай төрсөн даруйд нь иммуноглобулин тарих шаардлагатай. Тиймээс эмэгтэйчүүд хөл хүнд болмогцоо эмчийн хяналтад орсноор хүүхдээ энэ муухай вирусээс хамгаалж чадна. Элэгний В вирусгүй хүмүүс вакцин заавал хийлгэх хэрэгтэй. Энэ нь 10-15 жилийн дархлаа тогтоодог. Гэхдээ 7-10 жил болоод үйлчилгээг нь шалгуулахад гэмгүй. Уг шинжилгээг улсын болон хувийн лабораториудад хямд өртгөөр хийлгэх боломжтой. Хэрэв шинжилгээний үзүүлэлт Аnti-HBs<10 буюу хангалтгүй гэж гарвал гурван тунт вакцин давтан тариулаарай. Харин С вирусийн эсрэг вакциныг эрдэмтэд одоогоор гарган авч харамсалтай нь чадаагүй” гэж ярилаа.
Монгол Улсын хүн амын 10-12 хувь нь хепатитын халдвартай нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс өвчтэй хүмүүсийг эрт үед нь илрүүлж, эмчлэх зорилгоор улсын хэмжээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Гэвч зорилтот бүлгийнхэн шинжилгээнд хамрагдахгүй, хойрго хандсаар байгааг эмч нар хэлсэн. Дээрх хөтөлбөрийн хүрээнд насанд хүрэгчдэд В, С-гийн илрүүлэг шинжилгээг эхлэн хийж буй бөгөөд хэрэв халдвартай байж болзошгүй тохиолдолд вирусийг хоёр удаа тоолж, оношийг нь тодруулж байгаа аж. Өвдсөн тохиолдолд вирус устгах, дарангуйлах эм эмчийн хяналтад яаралтай уух шаардлагатай. Эдгээр оношилгоо, эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь санхүүжүүлж буй. Иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, цусны шинжилгээ өгөөд л бусдыг нь эмч, сувилагч нарт даатгахад болно. Гэвч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт одоогийн байдлаар 870 гаруй мянган хүн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийнхний 30 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тиймээс элэгний вирустэй, эсэхээ үнэ төлбөргүй шинжлүүлж, эмчлүүлэх боломжоо ашиглахыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар иргэдэд уриалав.
ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дахинд 325 сая хүн хепатитын халдвартай, үүний улмаас олонхынх нь элэг хатуурч, хавдар болдог байна. Ийм шалтгаанаар жилд 1.4 сая хүн нас бардаг аж. Тиймээс ДЭМБ-ын гишүүн орнууд жил бүрийн долдугаар сарын 28-нд Хепатитын дэлхийн өдрийг тэмдэглэж, уг өвчнийг устгахыг зорьсоор. Манай улс өнөө жил эл өдрийг “Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор олон ажил өрнүүлж байна. Тодруулбал, Сүхбаатарын талбайд өнөөдөр улсын болон хувийн эмнэлгийнхэн хамтраад иргэдэд элэгний В, С вирусийн түргэвчилсэн шинжилгээ, элэгний ЭХО, хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй үзүүлэх аж.
Манай улс элэгний С вирусийн эсрэг эм эмчилгээнд нэвтрүүлсний ачаар уг өвчний улмаас элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүний тоо эрс цөөрснийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хэлсэн. Харин эмээ дутуу уух, эмчилгээгээ тасалбал элэгний хатуурал, дутагдал, хавдартай болох эрсдэлтэйг эмч нар санууллаа. Харин хепатит В-г устгах бэлдмэлийг дэлхий нийт одоогоор гарган авч чадаагүй ч дарангуйлдаг, өндөр үр дүнтэй хэд хэдэн эм бий аж. Монголд ч нэвтрүүлээд буй. Эдгээр эм нь вирусийг устгадаггүй тул ихэнх тохиолдолд насаараа уудаг юм байна. В-гийн халдвартай хүмүүс дельта буюу D вирусийн халдлагад амархан өртдөг тул шинжилгээ заавал хийлгэх заалттай. Учир нь дээрх хос вирусийн халдвар хүнийг богино хугацаанд үхэлд хүргэдэг байна. Харамсалтай нь, манай улсын В вирустэй хүмүүсийн 60-80 хувь нь дельтагийн халдвартай гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, монголчуудын 6-8 хувь нь эл вирусийг тээгч. Уг үзүүлэлтээрээ бид дэлхийд “тэргүүлэх” болсон нь юутай эмгэнэлтэй. Хепатит В-тэй өвчтөнүүдэд 15-20 жилийн дараа нийт тохиолдлынх нь 20 хувь нь л архагшдаг бол дельта вирусийн халдвартай хүмүүст 5-10 жилийн дараа өвчин нь хүндэрч, 70 хувийнх нь элэг хатуурч, хавдартай болдог гэхээр маш аюултай, түргэн явцтай эмгэг гэдгийг эмч нар анхааруулсан. Одоогоор D вирусийн эсрэг эм байхгүй. Тиймээс халдвартай хүмүүс эмчийн хяналтад, тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай аж.
Элэг “дүлий” эрхтэн гэдэг нь өвчний ихэнх тохиолдолд “баашлаад” байдаггүйтэй нь холбоотой. Өвчин хүндэрсэн үед л ядрах, нойр солигдох, буруу зөрүү ярих шинж тэмдэг ажиглагдана. Мөн бие шарлах, хэвлий усаар дүүрэх, хөл хавагнах, арьсанд аалз мэт хэлбэртэй улаан толбо гардаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн, үгүйгээс үл хамаарч вирустэй хүмүүс 3-6 сар тутамд биохимийн шинжилгээ хийлгэж, хэвлийн ЭХО-д харуулан, хавдрын маркераа тодорхойлуулах шаардлагатай. Учир нь элэг хатуураагүй ч вирусийн халдвартай л бол хавдар үүсгэх магадлалтай гэнэ. Хүн болгонд өвчнийх нь явц өөр өөр аж. Элэг шилжүүлэн суулгах хүртлээ өвчин нь даамжирна уу гэхээс эрүүлжихгүй нь тодорхой.
Монголын эмч нар элэг шилжүүлэн суулгадаг болсноос хойш өдгөө 80 гаруй хүнд амьдрал бэлэглээд буй. Гэсэн хэдий ч элэгний хавдар, хатуурлын улмаас жил бүр хорвоог орхиж буй 2000 гаруй хүнийг аврах боломж, нөөц байхгүй. Учир нь төрөөс жилд 30 орчим хүний л эмчилгээний зардлыг санхүүжүүлдэг. Олон улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал хамгийн хямддаа 100 мянган ам.доллар. Мөнгөгүй л бол үхэх “заалттай” энэ муухай өвчнөөс хол байх боломж байсаар атал тартагт нь тултал явах шаардлагагүй гэсэн үг. Тэгээд ч эмч нар өвчтөний эмчилгээ, хагалгаанд баталгаа гаргадаггүй. Гэхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний хийсэн нийт хагалгааны 90 хувь нь хамгийн багадаа мэс заслын дараа нэгээс дээш жил амьдарсан байдаг аж. Гэлээ гээд энэ эмчилгээний дараа хүндрэл гарахгүй гэсэн үг биш. Эрхтэн хүнийрхэх, зарим тохиолдолд цөсний замын нарийсал үүсдэг байна. Тиймээс биеийн хорыг шүүж, цус цэвэрлэдэг гол эрхтнээ хайрлацгаая. Өвчнөө эрт үед нь илрүүлж, эмчлүүлэхийг эмч нар дахин дахин сануулсаар байна.