Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарыг улстөржүүлж болмооргүй. Гэтэл сүүлийн жилүүдэд улстөрчид “цүнх баригч” нараа төрийн албанд оруулахын тулд мөрөөрөө ажлаа хийж байсан хүмүүсийг хоморголон халж, гудамжинд гаргадаг жишиг тогтсон. Ийм явдлыг таслан зогсооно хэмээн МАН эрх барьж буй энэ үедээ Төрийн албаны хуулийг шинэчлэн батлуулсан ч амьдрал дээр тус намынхны гар хөл болсон хүмүүс төрийн үйлчилгээний жинхэнэ албан хаагчийг үл ялих шалтгаар халуулж, оронд нь МАН-аас сонгуульд нэр дэвшиж явсан нэгнийг томилсон явдал Наадмын өмнөх өдөр болжээ.
Долдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн зарим эмч, ажилтныг төрийн одон, медалиар шагнаж урамшуулжээ. Тус төвийн удирдлага шагнуулсан албан хаагчдадаа баяр хүргэхээр бусад албан байгууллагын жишгээр цэцгээ бариад, хурлаа хийх гэж байтал гурван хар жийп хөлөглөсөн хүмүүс ирсэн гэнэ. Хамгаалагчдаар тойрон хүрээлүүлж, сүрийг үзүүлэн шинэ дарга томилогдон ирж буй нь энэ бөгөөд тэдэнтэй хамт ажил хүлээлцүүлэх хоёр хүн НЭМГ-аас ирсэн аж. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарын 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг тухайн өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөхөөр болсон бөгөөд шагнал урамшуулал хүртсэн ажилтнуудын хөөрч догдолсон баярт мөч тэр даруй алга болсон тухай эмч, сувилагч нар нь өгүүлсэн юм.
Ө.Батжаргалыг ажлаас чөлөөлөх үндэслэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа гэнэ. Өөрөөр хэлбэл, манай эрүүл мэндийн салбарт бугшсан тогтолцооны гажгаар далимдуулж НЭМГ-ынхан, түүний ард үүрэг өгч буй МАН-ынхан өөрсдийн хүнийг ажилд томилуулж буй гэлтэй. Ө.Батжаргал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг удирдаад өрхийн эмнэлэг, харьяа салбаруудаа байртай болгоод зогсохгүй, Хүүхдийн, Ахмадын эмнэлэг, Нарийн мэргэжлийн мэс заслын тасагтай болгосон зэргээр хийсэн ажилтай хүнийг хаа хамаагүй шалтаг шалтгаанаар ажлаас чөлөөлснийг эмч, сувилагч нар нь эсэргүүцэж байна. Мөн шинээр томилогдсон З.Балдандугар гэх хүнийг урьд “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байхдаа ажлаа унагасан учир Эрүүл мэндийн төвийг удирдаж чадахгүй гэж үзэх хүмүүс байна. Үүнээс гадна улс төр хөөсөн хүн Эрүүл мэндийн төвийг удирдах нь зүйд нийцэх үү, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсох сэтгэлтэй хүн л хийх ажил гэлцэх олон хүн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд ч, эмч, сувилагч, энгийн ажилчдынх нь дотор ч байлаа.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон З.Балдандугарын хувьд 2016 оны сонгуулийн үеэр МАН-аас дүүргийн ИТХ-д VI хорооноос нэр дэвшиж ялагдсан, түүнээс өмнө ч нэг бус удаа “өвдөг шороодож” байсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт тус Эрүүл мэндийн төвд очиход олон үйлчлүүлэгч хэлсэн. ЭМЯ-нд хэлтсийн дарга хэмээх өндөр албан тушаал хашиж байсан эрхэм анхан буюу хоёр дахь шатны эрүүл мэндийн байгууллагад ийнхүү томилогдсон ирсний учир юу юм бол. Сонгуульд нэр дэвшиж байсан хүнийг МАН ийнхүү томилуулсан цаад учир шалтгаан нь 2020 оны сонгууль угтсан ажиллагаа байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь тус дүүргийн эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл, бүтээн байгуулалт бүрийг ашиглах санаархал байж ч болох.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг чөлөөлөх тушаал гаргахдаа НЭМГ-ын дарга хууль зөрчсөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй юм билээ. Гэхдээ хууль зөрчсөн, эсэхийг шүүх тогтооно шүү дээ. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаал гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасан “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг даргатай энэ асуудлаар зөвшилцөөгүй гэсэн үг. Сурвалжлагч миний үзэж буйгаар НЭМГ дарга ийнхүү хууль зөрчиж. Хэрэв Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шүүхэд хандвал заргаа авах нь тодорхой гэж харагдаж байгаа юм. Хэрэв НЭМГ-ын даргын тушаал хууль зөрчсөнийг шүүх тогтоовол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтын дагуу НЭМГ-ын дарга хариуцлага хүлээх болох нь.
Бэлтгэсэн: Г.Равжаа