Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн завьяагийн урд талын нүхэн гарцыг шинэчлээд удаагүй байгаа. Гэвч орчиндоо зохицоогүй, өнгө үзэмж муутай зэрэг шүүмжлэлийг хэдийнээ хүртээд эхэлжээ. Иймд уг нүхэн гарцыг дахин сайжруулах боломж бий эсэх талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.
-Шинэчлэгдээд удаагүй байгаа “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын үзэмжинд иргэд төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Нийт хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Тийм ээ. Олон нийтийн сүлжээгээр тийм хандлага их ажиглагдаж байна. Харьцуулсан зургуудыг нь тавьж, санал бодлоо илэрхийлж байгаа. Тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хүрээнд хийсэн. Анх 28 метр урт, 6 метр өргөн нүхэн гарцыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг, 2019 оны 03 захирамжийн дагуу эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байхаар шинэчилсэн. Ингэхдээ нүхэн гарцын хонгилын хэсгийн 3.5 метрийг нь хааж худалдаа үйлчилгээ эрхэлж, заримыг нь агуулахын зориулалтаар ашиглаж байсныг "Элит констракшн” компани зассан. Тус компани гүйцэтгэх явцдаа орцны хэсгийн бүхээгүүдийг өөрийн хөрөнгөөр барихаар болсон. Нийслэлийн хөрөнгөөс 69 сая төгрөг зарцуулсан, харин бүхээгт хэдэн төгрөг зарцуулсныг бид тодорхой мэдэхгүй.
-Хотын ерөнхий архитектор зураг төслийг нь баталсан уу?
-Хотын ерөнхий төлөвлөгөөний газар баталсан зургаар гүйцэтгэсэн. Хамгийн гол нь хувийн хэвшил санаачлагатай хандсаныг бид дэмжсэн юм. Одоогоор тус компанийнхан цэвэрлэгээг нь хариуцаж байна. Саяхан дээрх компаниас “Өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг нь үргэлжлүүлэн хариуцъя” гэсэн саналыг ирүүлсэн. Тэд бүхээгийн хэсэгт зар сурталчилгаа байршуулан зардлаа нөхөхөөр тооцоолж хөрөнгө оруулсан юм билээ. Сүүлийн үед нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр тохижуулъя гэж хувийн хэвшлийнхэн бидэнд цөөнгүй хандах болсон. Гэхдээ засаж, сайжруулангаа газрын зориулалтыг нь өөрчлөх, нийтийн эзэмшлийн газраас танах зэрэг асуудал тулгардаг учраас бид ирсэн санал бүрийг хүлээж авах боломж байдаггүй. Магадгүй “Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг илүү сайжруулъя гэсэн хувийн хэвшил, хувь хүн байвал бид татгалзахгүй. Дахин шинэчлэхэд бэлэн байна.