Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хөрсний усанд автсан барилга, байгууламжийн судалгаа, дүгнэлтийн талаар танилцуулах уулзалт”-ыг Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, СӨХ-ны дээд зөвлөл, Хувийн орон сууцны мэргэжлийн холбоод болон ШУТИС-ын багш нарын төлөөлөл бүхий 20 гаруй төлөөлөгчид оролцсон.
Тус хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон ШУТИС-аас хамтран хэрэгжүүлсэн “Хөрсний усанд автсан барилга, байгууламжид хийсэн судалгаа”-ны дүгнэлтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд ашиглахад зориулан гаргасан “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт" гарын авлага номыг тарааж өгсөн. Мөн усанд автсан барилга, байгууламжуудыг хариуцан ажилладаг СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад тус судалгааны дүгнэлтийг хүргүүлэх тухай мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх асуудлыг дан ганцаар хариуцан шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд цаашид Засгийн газрын хэмжээнд буюу салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн хүрээнд шинэчлэн, сайжруулах шаардлагатай байгаа талаар дурдаж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралд тус санал, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Усанд автсан орон сууцны 41 барилгын мэдээллийг эндээс татаж үзнэ үү.