Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэрэгжилтийг хангах, “Эрүүл иргэн” аяны хэрэгжилтийн явц, Эрүүл мэндийн багцын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шуурхай хурлын хүрээнд үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын хуваарилалт болон бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аянаар дамжуулан иргэд, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч ирүүлэх, үер усны аюулаас сэрэмжлэхээс гадна орчны болон хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул ариутгал халдваргүйтлийн арга хэмжээг авах, “Нойлоо нээе” аянд нэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс иргэд, үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэх, архивын улсын үзлэгт бэлтгэх, “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах аян”-ы хэрэгжилтийн тайланг хугацаанд нь ирүүлэх, мөн эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, сахилга батыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг эмнэлгийн дарга нарт үүрэг болголоо.