Архины хамааралтай хүмүүс болон ар гэрийнхнийг нь сэтгэл заслын эмчилгээнд хамруулах үйлчилгээг нэвтрүүлж, нэг өрөөг тохижуулснаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн өчигдөр мэдээллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, сурч боловсроход туслан, нийгмийн хамгааллыг нь сайжруулах зорилготой салбар комисс байгуулж, хүүхдүүдэд зориулан нэг тасалгаа гаргажээ. Үүнээс гадна сүрьеэтэй өвчтөнүүдийг зайнаас хянахад шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулснаа танилцуулав.
Сүхбаатар дүүрэгт 0-16 насны, хөгжлийн бэрхшээлтэй 413 хүүхэд байдаг гэнэ. Тэдэнд зориулсан тасалгаанд сургалтын тоног төхөөрөмж, төрөл бүрийн ном, бичгийн хэрэгсэл, хөдөлгөөний гажиг засах тоглоомууд байрлуулсан аж. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хөгжлийн бэрхшээл гэж юуг хэлэх, ийм хүүхдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хэрхэн өсгөн, хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх юм байна. Харин архины хамааралтай хүмүүст зориулсан сэтгэл заслын үйлчилгээ нэвтрүүлснээр согтууруулах ундаанаас гарах эмчилгээ хийлгэсэн, хийлгэж буй иргэдийн эмчилгээг үр дүнтэй болгоход туслах гэнэ.
Донтолтын эсрэг эмчилгээ хийлгээгүй ч архинаас хамааралтай болж буйгаа ойлгож, тусламж авахаар ирсэн хэнд ч үйлчлэхэд бэлэн гэж тус төвийнхөн хэлэв. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн эмч Г.Ариунзул “Архины хамааралтай иргэдийн нэр, хаягийг лавлахгүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Энэ төрлийн өвчтэй хүмүүст эмийн эмчилгээнээс гадна сэтгэл засал чухал. Мөн ар гэрийнхэн нь ч сэтгэл гутрал, тавгүйтэлд өртдөг тул хамт эмчилж, зөвлөгөө өгнө гэсэн үг. Архины хамааралтай хүмүүсийн 70 орчим хувь нь эмчлүүлээд эдгэрдэг” хэмээв.