ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт жилд дунджаар 2100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 60 гаруй хувь нь яаралтай, үлдсэн нь төлөвлөгөөт хагалгаа хийлгэдэг. Төлөвлөгөөт мэс заслын дийлэнх хувийг эрүү, нүүрний төрөлхийн гажиг эзэлдгийг тус тасгийн эрхлэгч Г.Аянга хэлэв. Манай улсад 1000 хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй төрдөг гэсэн судалгаа бий. Орон нутгийн иргэд цаг алдаж эмнэлэгт ханддагаас өвчнөө хүндрүүлдэг тохиолдол элбэг тул дээрх төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийнхан 21 дэх жилдээ “Хязгаар нутгийн инээмсэглэл” хүмүүнлэгийн аян өрнүүлж байна. Энэ удаа тэд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллан, уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхэд, залууст мэс засал хийн, гажиг, хэл яриа заслын цогц эмчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа аж. Тасгийн эмч нар давхардсан тоогоор 2252 хүнд мэс засал хийснээ хэлэв.