Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн БНСУ-ын Корей их сургуулийн “Анам” эмнэлгийн профессоруудтай хамтран Монголд анх удаа ротаблатор эмчилгээг хоёр хүнд амжилттай хийлээ. Ротаблатор гэдэг нь зүрхний шигдээсийн хүндрэл болох титэм судасны шохойжсон хэсгийг сэтгэж, цусан хангамжийг сайжруулдаг эмчилгээ юм байна. Үүний дараа стент тавьдаг тул нарийн технологитой, дэвшилт арга аж. Уг эмчилгээг ангиографи аппаратын тусламжтайгаар хийдэг бөгөөд манай эмч нар эл мэс заслыг бие даан хийх боломж бүрджээ. Ингэснээр иргэд эх орондоо эмчлүүлж, зардлаа хэмнэх давуу талтайг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн хэлэв.