ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасаг дэлхийн стандартад нийцсэн, дэвшилт тоног төхөөрөмж буюу шугаман хурдасгуурыг амжилттай угсарч, туршсан сайхан мэдээ байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, хорт хавдрын тохиолдлын 50-60 хувьд туяа эмчилгээ хийх шаардлагатай аж. Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийн хүртээмж хангалтгүй, технологийн хоцрогдсон байдлаас болж шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын ердөө 15 хүрэхгүй хувьд нь туяа эмчилгээ хийж байжээ.
Тэгвэл олон улсад, ялангуяа хөгжингүй орнуудад ашигладаг, цацрагийн хамгаалалт илүү найдвартай, нарийвчлал болон энерги өндөртэй зэрэг олон давуу талтай шугаман хурдасгуурыг ашигласнаар хорт хавдартай өвчтнүүдийн эдгэрэлт, амьдралын чанар нэмэгдэх юм байна. Мөн туяа эмчилгээний хүлээгдэл тодорхой хэмжээнд буурна. Тиймээс туяа эмчилгээний дэвшилт технологиудыг нутагшуулах нь ХСҮТ-ийн хамт олны нэгэн зорилт гэдгийг тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа мэдээлэв.
ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад суурилуулан эл тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй байдлыг олон улсын шинжээчдийн баг шалгаад, ашиглаж болох талаар дүгнэлт гаргажээ. Тиймээс эмчилгээний чанарын баталгааг хангах бэлтгэл ажлаа өдгөө ч хийж байгаа бөгөөд анхны эмчлүүлэгчдээ энэ сарын 17-ноос авах болжээ.
Үүнээс гадна шугаман хурдасгуурыг ажиллуулах туяа эмчилгээний эмч, эмнэлгийн физикч, дозиметрийн мэргэжилтэн, засварын инженер, техникч зэрэг боловсон хүчнүүдээ Олон улсын атомын энергийн агентлагийн техник хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд Чех, Сингапур, Хонконг, Орос, Энэтхэг, Герман зэрэг улсад сургаж, мэргэшүүлсэн аж.