Амьсгал, агаарын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин сүрьеэтэй холбоотой дуулиан, үйл явдлууд шил даран гарсаар байна. Өчигдөр гэхэд л Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд АН-ынхны зохион байгуулснаар ЭМЯ-ны гадна жагсаж, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургадугаар сарын 1-нээс өмнө сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан юм. Жагсагчид “Салбарын сайд нь мэргэжлийн хүн биш учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой” хэмээв. Төв аймгийн Сүмбэр сумын иргэн Б.Бямбажаргал “Сумын ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчийн 200 нь сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон. Мөн зургаан хүүхэд өвчилж, аймгийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байна.
Халдвар авсан хүүхдүүдэд өдөр бүр 11.00-12.00 цагийн хооронд эм өгч байгаа. Зургаан сар ууна гэж хэлснээс өөр яг ямар эм өгч байгаа талаар мэдээлэл бидэнд алга. Олон хүүхэд халдвар авсан нь сумынхны хувьд том асуудал боллоо. Ер нь тогтмол үзлэг оношилгоо хийдэггүй салбарын яам хот, хөдөөгийн сургуулиудад халдвар тархсанд буруутай. Юунд үндэслэснийг мэдэхгүй ч 2019 оны эхээр гэнэт л аймгаас эмч нар ирээд сурагчдад үзлэг, оношилгоо хийж, халдвар тархсаныг мэдээлсэн” хэмээн өгүүлсэн.
Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сүрьеэгийн халдвар тархаж, 529 хүүхэд өртсөн гэх мэдээллийн дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Одоо эмчилгээ хийх асуудал яригдаж байгаа. Мэдээж эмчилгээ хийхдээ эцэг, эхчүүдтэй уулзаж, мэдээлэл өгөх ёстой. Энэ зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн газрын бүрэлдэхүүнтэй баг томилоод ажиллуулж байгаа. Сүрьеэгийн халдвартай тухайн багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй шүү дээ. 15 дугаар сургуульд өвчтэй багш ажиллуулсан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн асуудал байхгүй. Тус сургуульд сүрьеэгийн өвчин гарсныг нуусан зүйл байхгүй” хэмээн хэвлэлийн хурлаар мэдэгдэж байв.
ЖИЛИЙН ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨС ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙГ ҮЛ ОЙШООЖЭЭ
Сүрьеэгийн халдвартай холбоотой энэ хаврын дуулиан дэгдэхээс өмнө нөхцөл байдал хүндэрч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд холбогдох мэргэжлийн зөвлөлөөс нь хүргүүлж байжээ. ЭМЯ-ны дэргэдэх орон тооны бус, сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд болох тухайн салбартаа тэргүүлэгч, анагаах ухааны доктор, профессорууд 2018 оны дөрөвдүгээр сарын 9-нд 02 дугаартай мэргэжил арга зүйн дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн аж. Түүндээ өдгөө олны анхаарал татаад буй 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн халдвар, дэгдэлтийн талаар санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хүргүүлсэн гэнэ. Уг зөвлөмжид “Халдвартай сүрьеэтэй өвчтөн болох 15 дугаар сургуулийн багш М-ыг өөр хүний нэрээр бүртгэж, эмчилгээний хугацаанд хэрэглэх бүх эмийг гарт нь олгон эмчилгээг хяналтгүй орхиж, эмэнд дасалтай, тэсвэртэй сүрьеэгээр өвчлөх нөхцөл бүрдүүлсэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерын холбогдох мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох, багш М-ыг хуулийн байгууллагад шилжүүлэх, багш С-д мөн адил арга хэмжээ авах. Хан-Уул дүүргийн 15 болон 32 дугаар сургуулийг 2013 оноос нэгтгэн 3-4 ээлжээр хичээллүүлж, нэг ангид олон хүүхэд суулгахдаа хэвийн агааржуулалтын нөхцөл бүрдүүлээгүй нь халдвар тархахад нөлөөлсөн” гэж үзсэн байна.
Гэвч бүтэн жил өнгөрөхөд дорвитой арга хэмжээ авалгүй энэ онтой золгосон бөгөөд ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр олны анхааралд өртөж, дуулиан, шуугиан дэгдсэний дараа БСШУС-ын сайдтай хамтран хэвлэлийн хурал хийж дээрх мэдэгдлийг хийсэн юм. Бүр “Тус сургуульд сүрьеэ гарсныг нуусан зүйл байхгүй” гэж өгүүлсэн шүү дээ. Нуугаагүй юм бол бүтэн жил өнгөрчихөөд байхад Эрүүл мэндийн сайд ганц ч үг ганхийгээгүй нь ямар учиртай юм бол. Өчигдөр жагсаал хийсэн иргэд ч “Мэргэжлийн бус сайд сүрьеэгийн халдварыг таслан зогсоох арга хэмжээ авах талаар ямар нэг ажил зохион байгуулахгүй, ХӨСҮТ-ийн удирдлага ч үүнд анхаарал хандуулахгүй байна” хэмээн шүүмжилсэн.
Уг нь Эрүүл мэндийн сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ авах ёстойг хуульчилсан. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 20.5.15 дугаар зүйлд “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажил эрхэлнэ” гээд Эрүүл мэндийн сайд нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээг эрхлэн хариуцахаар тусгасан байгаа юм.
Эрүүл мэндийн сайдын хувьд хуульд заасан эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж чадаж буй, эсэхийг уншигчид дүгнэх биз. Сөрөг хүчний төлөөлөл, төрийн бус байгууллагынхны зүгээс хуульд заасан эдгээр арга хэмжээг авч чадаагүй гэж дүгнэн огцрох ёстой хэмээн жагссан.
ТОМИЛСОН ХҮН НЬ УДАА ДАРАА ХАХУУЛЬ АВСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ
ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Өдгөө тэднийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорьж байгаа. Дээрх хүмүүс эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авч байсан удаа дараагийн үйлдлийг нь АТГ-ынхан баримтжуулчихаад буй гэсэн. Гэвч прокурор, мөрдөгч нар тэдэнд холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Гэхдээ хэргийн холбогдогч нар ганц, хоёр бус, нэлээд хэдэн удаа аж ахуйн нэгжүүдээс шан харамж авсан нь тодорхой болсон. Уг нь олон хоногийн өмнөөс цагдан хорьж шалгах талаар прокурор, шүүхийнхэнд саналаа хүргүүлсэн ч нэг холбогдогчийнх нь аавын нөлөөнөөс айсан уу, шүүхээс шийдвэр гаргаж чадалгүй хойшлуулж байсан аж.
ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг нь сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байгаад удалгүй дээрх албан тушаалд томилогдсон талаар түүнийг саатуулсны дараа бид мэдээлж байсан.
АТГ-ын Хяналт шалгалтын хэлтсийнхэнд ирсэн гомдлын дагуу шалгаад Д.Сарангэрэл сайд туслах Б.Болорчимэгийг Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, хүү Д.Улам-Өрнөхийн жолооч байсан Д.Өнөболдыг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсныг тогтоосон байдаг. Д.Өнөболдод уг ажилд томилох саналыг сайдын хүү гаргасан нь ч тогтоогдсон. Харин хэргийн нэг холбогдогч Н.Чимэдлхамын аавыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Гавьяат хуульч гэдгийг цахим мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн. Прокурорын эх сурвалжууд “ЭМЯ-ны албан тушаалтнуудын хээл хахуулийн хэргийн шалгалт дуусаагүй, авлига өгсөн байж болзошгүй хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөллөөс нэг бүрчлэн тайлбар авч байгаа бөгөөд цөөнгүй нь “Зөвшөөрлөө авч л чадвал өгдөг юмыг нь өгөхөөс биш” гэж ярьсан гэх мэдээлэл ч байна.
Юутай ч, Эрүүл мэндийн сайдыг тойрсон хэл ам ийнхүү өрнөж, огцруулах олон үндэслэлийг сөрөг хүчнийхэн нь ч, төрийн бус байгууллагын төлөөлөл ч, жирийн иргэд ч, өвчний халдвар авсан багш нар ч гаргах боллоо. Улс төрийн өндөр соёлтой оронд хариуцсан салбарынх нь ажил ийнхүү унасан, албан тушаалд томилуулсан хүн нь хахуулийн хэрэгт орооцолдсон бол сайд нь огцордог жишиг байгааг сэтгүүлч сайд мэдэж л байгаа даа, уг нь.
Бэлтгэсэн: Г.Равжаа