Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн.
Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой. Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий. “Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л. Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хэвийн үзэгдэл болж, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна.
Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 25 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.
25 НЯРАЙ ТЭМБҮҮТЭЙ ТӨРЖЭЭ
Генийн, удамшлын зэрэг аргагүй шалтгааны улмаас эхийнхээ хэвлийд бүрэлдэн буй ургийн хөгжлийг эмнэлгийн нөхцөлд таслах тохиолдол дэлхийн хэмжээнд цөөнгүй. Цаашид хүн болох боломжгүй, эсвэл бие даан амьдрах чадваргүй, насаараа бусдын гарт “өлгийтэй” байх хатуу тавиланг эмч, эцэг, эхийн хамтын шийдвэрээр тийнхүү зогсоох нь аль ч талдаа хүмүүнлэг шийдвэр гэх. Харин томчуудын “хормойн” өвчний уршгаар амьгүй гарсан “хүүхдийн” өмнөөс харамсаад баршгүй. Арчаагүй, мэдлэг, мэдээлэлгүй, хэнэггүй эцэг, эхийнхээ гайгаар төрөхдөө л тэмбүүгийн бактери тээж ирсэн нялхсыг ямар эмгэнэлтэй ирээдүй угтах талаар бодохоос ч аймаар. Тэднийг төрөлхийн тэмбүүтэй гэж “цоллохоос” эхлээд л томчуудын тохуурхал эхэлнэ. Үр удмаа тийнхүү доромжлуулахад хүргэсэн аав, ээжийг яалтай вэ. Өвчин хэлж бус, хийсэж ирдэг гэсэн эерүүлэх үг байвч “хормойн” өвчинтэй болсноо мэдэхгүй, эсвэл нууж явсаар эцэст нь хэвлий дэх үрээ амьгүйдүүлж байгаа нь гэмт хэрэг мөн.
Монголд тэмбүүтэй хүүхэд төрөх нь жилээс жилд нэмэгдэж байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 25 215 хүүхэд мэндэлсний 140 нь амьгүй байжээ. Амьгүй гарсан шалтгаан олон янз. Өнөөх тэмбүү ч эл шалтгаануудын нэг нь. Дээрх хугацаанд 25 нярай тэмбүүтэй төрсний 10 гаруй нь амьгүй байж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөөр олон үзүүлэлт юм байна. Цайвар трепонем бактери тээж төрсөн нярайн 18 нь нийслэлд бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан хэлэв.
Өдгөөгөөс 30 жилийн өмнө буюу 1989 онд Монголд төрөлхийн тэмбүүтэй нярай дөрөв, 2007 онд долоо бүртгэгджээ. Тэгвэл одоо хагас зуугаас давахдаа тулсан нь эл өвчин нийгмийн үзэгдэл болон түгж буйн илрэл. Тэмбүүтэй эхийн ураг амьгүйдэх, төрсөн тохиолдолд эндэх нь бараг “хууль”. ДЭМБ-ын тооцоолсноор, жилд дунджаар хоёр сая жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй гэж оношлогддог. Эл өвчнөө эмчлүүлээгүй, эсвэл эмчилгээг дутуу орхисон эхээс төрсөн хүүхдийн 50 хувь нь амьгүй байдаг бол 25-30 хувь нь нэг хонолгүй энддэг байна.
Ийнхүү ээж, ааваасаа муухай “тамгатай” ирсэн нярай ихэвчлэн нэг кг гаруйхан жинтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, тэмбүүгийн бактери ургийг хэвлийд нь “идсээр” хөгжилгүй болгодог. Үүнээс гадна цагаан трепонемийн “тохуурхлын” илрэл нь нярайн нүүр царай, бие махбод, дотор эрхтний гажиг хөгжил, эмгэгээс харагддаг. Өөрөөр хэлбэл, аймшгийн кинонд гардаг шиг бие нь битүү цэврүүтэй, арьс, салст нь гэмтэлтэй, тархи нь идэгдсэн зэрэг эвгүй төрхтэй төрдөг гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “Ургийн мөгөөрс, ясыг цайвар трепонем иддэг. Тиймээс өсөлтгүй болох, хөл, гарт нь ямар нэгэн гажиг үүсэх, тагнай, уруул, нармай цоорхой, сэтэрхий төрдөг. Мөн бүх бие нь усан хаван, тууралттай байх нь элбэг” гэлээ.
ЭЭЖ, ААВЫНХ НЬ “ТАМГА” ӨСВӨР НАСАНД ИЛЭРДЭГ
Эх нь тэмбүүгийн халдвар хэзээ авснаас шалтгаалан ураг, нярайн амьдрах чадвар хамаардаг юм байна. Хүүхэд “олох”-оосоо өмнө өвчинтэй байсан тохиолдолд жирэмсний эрт болон хожуу үед зулбадаг. Дээр хэлсэнчлэн амьгүй, эсвэл төрөөд удалгүй нас барна. Харин тухайн ээж жирэмсний сүүлийн саруудад тэмбүүгийн халдвар авсан тохиолдолд нярай ямар нэгэн шинж тэмдэггүй төрөөд, 2-3 сарын дараа өвчин илрэх нь бий гэсэн.
Төрөлхийн тэмбүүг ургийн, эрт болон хожуу илэрсэн, далд хэлбэрийн гэж хуваадаг байна. Олон улсын судлаачдын мэдээлснээр, хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү нь 4-15 насанд илэрдэг аюултай. Үүнээс хойш ч илрэх магадлалтай аж. Тэгэхээр бэлгийн амьдралд ороогүй, мөн ахуйн замаар халдвар аваагүй хэрнээ хүүхдэд цайвар трепонем бактери илэрвэл ээж, ааваас нь бурууг хайх учиртай. Юу гэхээр, хөөрхий хүүхэд төрөлхийн тэмбүүгийн хожуу үеийн золиос гэсэн үг. Тийм хүүхдийн гавал, нүүр болон үе мөч, зөөлөн эдийн бүтэц алдагдсан, эв хавгүй болсон байдаг.
Төрөлхийн тэмбүүгийн үед ургийн дотор эрхтнүүд гэмтдэг учраас ийм өвчинтэй төрсөн хүүхэд удаан амьдрах магадлал бага. Энэ талаарх судалгаа бараг алга, ялангуяа Монголд. Цахим мэдээллээс харахад, Орост төрөлхийн тэмбүүтэй хүүхдийг эмчилсэн түүх байна. Ээж нь муухай өвчнөө “өвлүүлсэн” хэрнээ тэр жаахан амьтныг голоод явчихжээ. Өдгөө тэр хүүхэд сайн хүмүүсийн асаргаанд байгаа аж.
ШИНЖИЛГЭЭ БОЛ УРГИЙН АВРАЛ
“Хормойн” өвчинтэй эх эмчилгээ хийлгэснээр ургийн ирээдүй авс бус, өлгий байх боломжтой. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч, клиникийн профессор М.Тунгалагаас тодруулсан юм. Тэрбээр “Жирэмсний 4-5 сартайд буюу эхэсийн цусны эргэлт бий болсны дараа тэмбүүгийн үүсгэгч эхээс урагт халддаг. Өөрөөр хэлбэл, цайвар трепонем бактери эхэсийн судасны хананд нэвчиж, гэмтээснээр ургийн тэмбүү үүсдэг. Тухайн эхийн өвчний үе шатаас хамаарч ураг зулбах, амьгүй болохоос гадна эрт, хожуу үеийн тэмбүүтэй хүүхэд төрдөг. Тэмбүүгийн тохиолдол ихэссэн тул Эрүүл мэндийн сайд 2017 онд А/305 тоот тушаал гаргаж, жирэмсний эхний гурван сартайд илрүүлэх шинжилгээ хийдэг болсон. Давтан шинжилгээг 28 долоо хоногтойд нь хийж байна. Эл хоёр шинжилгээг өгсөн байхад эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой. Тухайн ээж жирэмсний эхний гурван сард тэмбүүтэй нь оношлогдвол эмчилгээг яаралтай эхлүүлдэг. Ингэснээр эхээс урагт өвчин халдварлахгүй. Харин эхний шинжилгээгээр өвчингүй гарсан хэрнээ давтан үзлэгээр халдвар илэрвэл эх болон урагт эмчилгээ хийдэг” гэлээ.
Монголчууд хэнэггүй. Гэхдээ хэдий болтол ингэж өөрсдийгөө “өмөөрч, өхөөрдөж” явах юм бэ. Өөрийн болон өөр нэгний амийг дааж яваа давхар биетэй эмэгтэй эмнэлгийн хяналтад хамрагдахгүй, ямар ч шинжилгээ өгөхгүй “хэнэггүйтэх”. Ийм тохиолдол буурахгүй байгаа талаар эмч нар ярилаа. Зарим ээж хувийн эмнэлэгт ЭХО-гоор ганц харуулчихаад л амаржталаа явчихдаг гэнэ. 2019 оны эхний гурван сарын байдлаар 20 728 эх жирэмсний хяналтад орсны 20 479 нь тэмбүүгийн шинжилгээнд хамрагджээ. 249 нь ийм шинжилгээ байдаг талаар мэдээгүй, мэдсэн ч шаардлагагүй гэж явсаар төрсөн байх юм. Дээрх шинжилгээг хийлгэсэн 360 эх тэмбүүгийн халдвартай гарсныг статистикаас харж болно. Тиймээс эхчүүд жирэмсний хяналтад аль болох эрт орох шаардлагатай. Халдвар урагт дамжихаас өмнө эмчлүүлснээр 10 сар тээсэн нярайнхаа амьдралыг хамгаалах боломжтойг дахин дахин сануулъя. Нөгөөтээгүүр, жирэмсний хяналтад орох нь иргэний, эх хүний үүрэг гэдгийг умартаж болохгүй.
ЭХЭМҮТ-ийнхөн 21 аймаг дахь хүндрэлтэй төрөлт, зүрх, судасны өвчинтэй болон 27-34 долоо хоногтойдоо төрөх магадлалтай ээжүүдийг хүлээн авдаг. Тус төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу нярайн тасагт сард 120-130 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг аж. Энэ нь олон шалтгаантай бөгөөд олонх нь халдварт өвчний улмаас тусламж, үйлчилгээ авдаг байна. 25-35 насны залуу ээжүүд тэмбүүгийн улмаас дутуу төрөх тохиолдол ихэссэнийг тус төвийнхөн хэлж байлаа. Ийм байхад Монголын ирээдүй бүрхэг байна гээд хэлчихвэл “Ямар сүржин юм бэ” гэж загнах хүн гарахгүй л болов уу.
ТРЕПОНЕМИЙН ЭЦСИЙН ЗОГСООЛ-СҮЙРЭЛ
“Амьтай төрсөн тэмбүүтэй нярай ямар их өвдөж, шаналж буйгаа хэлж чадахгүй нь гаслантай” гэж нэгэн орос эмчийн илтгэлд дурджээ. Үнэхээр тийм. Бид төрөлхийн тэмбүүгийн талаар л ам нээж байгаа болохоос тийм өвчинтэй нярайн шаналлын талаар дуугарах нь битгий хэл мэдэхгүй. Томчуудын “тоглоомын” золиос болсон бяцхан үрсийн өвдөлт, шаналлын талаар хөндөх л учиртай. Тэгж байж л хариуцлагагүй, хэнэггүй хүмүүст арга хэмжээ авах эрх зүйн орчин бүрдэх болов уу.
Хүн төрөлхтнийг нэгэн үед хэдэн саяар нь хиаруулсан тэмбүүг эмчилдэг болсон нь том амжилт. Тийм боломжтой атал эмчлүүлэхгүй бол цайвар трепонем асар уршигтай, түүний эцсийн зогсоол нь сүйрэл юм. Зөвхөн өвчтөн бус, үр удам нь ч тасарна.
Хамаргүй, уруул нь яранд баригдаж, хамаг бие нь битүү шархалсан эмэгтэй амьгүй нялх үрээ тэвэрсэн байгааг шавар домбон дээр товойлгон цохисон нэгэн олдвор VI зууны үетэй холбоотой бөгөөд Перугаас илрүүлсэн аж. Энэ бол тэмбүүгийн уршгийг эд зүйл дээр “бичиж” үлдээсэн анхны олдвор гэж үздэг байна. Тэмбүү бол үр удмаар нь хөнөөх аюул гэдгийг эртнээс ийнхүү сануулсаар иржээ, хүн төрөлхтөн үр хойчдоо.
Өнөөдөр дэлхий дахинаа төрөлхийн тэмбүүг устгах зорилт тавин, 100 мянган амьд төрөлтөд 50 хүртэл болгон бууруулахаар эрмэлзэж буйг ДЭМБ-ын тайланд дурджээ. Гэтэл Монголд тэмбүүтэй төрөлт нэмэгдсээр. Ийм тохиолдол буурахгүй байгаа нь ядуурал, нийгмийн байдалтай холбоотой гэдэгтэй маргахгүй. Гэхдээ бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү газар авч байгаа нь хувь хүний хариуцлагаас 100 хувь шалтгаалахыг үгүйсгэж болохгүй.
Хэвлийдээ ураг бойжуулж буй эх Та Монголын ирээдүйг тээж байгаагаа ухамсарлах учиртай. Та тэмбүүгийн шинжилгээнд хамрагдахгүй бол ургаа боомилуулахаар цайвар трепонемийг тэжээж байгаагаас ялгаагүй. 2018 онд шинжилгээнд хамрагдсаны үр дүнд 1507 жирэмсэн ээж эмчилгээ хийлгэж, тэмбүүгээс ургаа, ирээдүйн хүүхдээ аварч чадсаныг сануулахад илүүдэхгүй. Тийм боломж танд ч бий.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, О.Бат-ундрах