Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг дэвсгэрт ОХУ-аас өнгөрсөн сарын 22-нд орж ирсэн ойн түймрийг 207 хүн, 16 автомашин, 12 морьтойгоор 19 бүлэгт хуваагдан ажиллаж, өчигдөр 06.00 цагт бүрэн унтраажээ. Энэ сарын 7-нд түймрийг цурманд оруулсан боловч маргааш нь Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр дахин орж ирсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Галтзулаар ахлуулсан Үндэсний аврах бригад, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хилийн эл чиглэлээр орж ирсэн түймрийг ийнхүү бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Очирсүрэн, ойн инженер М.Ганбат нар Гутайн давааны овооноос Тулгатын-Эх хүртэлх газрыг тус багийн Засаг дарга Г.Мөнхцэцэгт хүлээлгэн өгчээ.
Харин нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаар ахлуулсан алба хаагчид 775 дугаар тэмдэгтээс урд зүгт Турагтхаан уул хүртэл цэвэрлэгээ хийж, галыг бүрэн унтраав. Гал түймрээс үүдэн 20 км урт, 17 км өргөн талбай шатсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна.